Дэлхийн эмэгтэй Опра Уинфри
Нийтэлсэн: 2012-04-18 10:39:10
Сая сая америкчуудын хүндлэлийг хүлээсэн дэлхийн эмэгтэй, телевизийн ток шоуны хатан хаан Опраг хүн болгон мэднэ. Опра бол хүнд хэцүү амьдралаас алдар нэрийн оргилд хүрч чадсан эмэгтэйчүүдийн төлөөлөл юм.
Эмээгийн бяцхан охины аз жаргалтай өдрүүд
Опра 1954 оны 1 сарын 26 нд Миссисипи муж улсын Костюшко хотод төржээ. Түүнийг ээж нь 18 настайдаа төрүүлсэн бөгөөд хугацаат цэргийн албанд татагдан ирсэн цэргээс жирэмсэлсэн байна. Тиймээс хүсэн хүлээсэн хүүхэд нь биш ердөө л бутач хүүхэд болохоор түүнийг эмээд нь үлдээгээд ээж нь явсан гэдэг. Уг нь түүнд задгайдуу америк нэр болох Орпа гэдэг нэр өгөх гэж байсан ч эх баригчийн бяцхан алдаанаас болж /2 үсгийг хооронд нь сольсон/Опра гэдэг онцгой нэртэй болсон түүхтэй. Бяцхан охин эмээтэйгээ жаргалтай амьдардаг байсан бөгөөд хэдийгээр эмээ нь бөглүү тосгоны хатуу чанга эмэгтэй ч гэлээ Опраг бие хүн болж төлөвшихөд нь асар их нөлөө үзүүлсэн гэдэг. Опраг эмээ нь 3 настайд нь уншиж сургасан бөгөөд 5 настайдаа сургуульд оржээ. Цэцэрлэгт ороод 7 ч хоноогүй байхдаа Опра өөрийн гараар сургуульд сурах хүсэлтээ бичиж улмаар сургуульд орсон байна. Тэр гурван жилийн хичээлийн хөтөлбөрийг ганцхан жилд үзсэн гайхалтай чадвартай хүүхэд байв. Тухайн үедээ Опра сүмийн номлогч болохыг мөрөөддөг байсан бөгөөд хөдөө хээр малын дэргэд зогсон номлол уншдаг байсан гэдэг. Харин тэрбээр нэгэн удаа сүмд Пасхагийн өдөр Есүс тэнгэрт гарчээ гэсэн номлол уншсан нь олон хүмүсийн бишрэлийг төрүүлсэн бөгөөд яг л бурханы элч тэнгэрээс залаад ирэв үү гэмээр байсан гэдэг.
Харанхуй амьдрал
Опраг төрсөн эх нь өөр дээрээ авснаар түүний амьдрал хэзээ ч арилшгүй хар мөр үлдээсэн түүхтэй. Опра ээж мөн түүний ээлжит нөхөр, хоёр хүүхэдтэй нь тавуулаа Милоуки хотын еврей нарын хороололд амьдардаг болов. Харин энд Опраг 9 настайд нь 19 настай үеэл ах нь хүчиндэж улмаар түүнийг дуугүй байлгахын тулд мөхөөлдөс авч өгсөн гэдэг. Өөр бусад хамаатнууд нь ч хүртэл түүнийг бэлгийн харьцаанд орохыг тулган шаарддаг байжээ. Иймээс Опра 13 настайдаа ээжээсээ мөнгө хулгайлан гэрээсээ оргожээ. Опра мөнгөө дуусаад нэгэн сүмийн номлогч дээр ирэн тусламж гуйсан ч номлогч түүнийг ээжид нь буцаан өгсөн байна. Харин ээж нь түүнийг өөрийн гараар насанд хүрээгүйчүүдийн хорих ангид суулгасан ажээ. Энд охин жирэмсэн болсон байлаа. 14 настайдаа хүүхдээ дутуу төрүүлсэн бөгөөд хүүхэд нь ч хүн болж чадсангүй. Бие сэтгэлээрээ асар их зовсон охиныг аав нь болох Мужнон Уинфри өөр дээрээ авчээ.
Аав миний амийг аварсан
“Аав миний амийг аварсан гэж болно” хэмээн хожмоо Опра ярьсан байдаг. Үсчин хийдэг байсан түүний аав охиныхоо ирээдүйг гэрэлтэйгээр хардаг байжээ. Охиныхоо хэл яриаг хөгжүүлж үгийн санг нь нэмэгдүүлэхийн тулд өдөрт таван үг цээжлэх дүрэм гаргажээ. Улмаар ном байнга уншуулж, уншсан номоор нь зохион бичлэг хийлгэдэг байв. Түүний эцэг охиныхоо боловсролд анхаараад зогсохгүй амьдралын ухаанд бас сургасан гэдэг. Опра аавынхаа агуулахад захирагч, мөн дэлгүүрт нь ажилласан байна. Тэр цагаас хойш охин өөрийнхөө ирээдүйн төлөө улам ихээр мэрийх болжээ. Уран илтгэгчийнн аврага болж мөн ерөнхийлөгч Никсонтой уулзаж, “Америкийн гарамгай залуу” шагнал хүртэл хүртжээ.
Галыг сэрэмжлүүлэгч миссээс алдарт ток шоуны хөтлөгч хүртэл
Түүнийг мисс болж байсан гэвэл уншигчид гайхах байх. Гэхдээ энэ үнэн билээ. 17 настайд нь WVOL радио станц түүнийг хийн зуухыг хяналттай ажиллуулах ёстой бөгөөд хүүхдүүдийг галаар тоглуулахгүй байх талаар уриалан хийсэн нэвтрүүлэгт оролцсоны төлөө “Галыг сэрэмжлүүлэгч мисс”- ээр өргөмжилжээ. Энэ үеэс эхлэн тэр олон тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө нээж эхэлсэн гэдэг. Удалгүй тэр Эй-Би-Си телевизийн орон нутгийн салбарт мэдээ уншигчаар орж дараах нь тус телевизийн Балтимор салбарт сурвалжлагч, мэдээний хоёрдугаар нэвтрүүлэгч болов. Гэвч түүнийг эфирт гарахтай зэрэгцэн олон санал шүүмжлэл өрнөсөн гэдэг. Арзгар үстэй, өргөн хамартай, давхар эрүүтэй түүнээс гадна сэтгэлийн хөдөлгөөний барьж чадахгүй зэрэг шүүмжлэлт мэдэгдэл ирэх болов. Үүнтэй зэрэгцэн үсний будгаа буруу сонгосоноос болж үс нь халзарч эхэлсэн гэдэг. Энэ бүхний эцэст түүнийг "Өглөөний ток шоу"-ны нэвтрүүлэг рүү шилжүүлсэн байна. Энэ ток шоу түүнийг алдрын замд хөтөлсөн. Түүний хийж буй нэвтрүүлэг нь илэн далангүй чин сэтгэлийн яриагаар хөглөгдөж шууд цацагдаж байсан нь үзэгчдийн анхаарлыг бүрэн татсан юм.
Алдрын шатаар дээш гишгэсэн ч аз жаргалгүй хэвээрээ
Опра нэвтрүүлгийнхээ ачаар 200 мянган долларын цалин авдаг болж нэвтрүүлгийн чанар гэрлийн хурдаар өссөн хэдий ч тэр аз жаргалтай болсонгүй. Учир нь түүний хувийн амьдрал бүтэлгүйтсэн хэвээр. Залуу бүсгүй баруун зүүнгүй амрагаа сольсоор эцэст нь дурлалт залуу Уильям Бубба Тейлор гэрлэхээс татгалзсаны төлөө Опра амиа хорлохыг завдсан гэдэг. Аз болж түүний оролдлого бүтэлгүйтэж амьд үлджээ. Энэ бүтэлгүйтэлийн дараа ажилдаа эргэн орж, үүнээс хойш Опра энд тэнд нэвтрүүлгийн чанарыг дээшлүүлэх тал дээр өндөр цалинтай уригдан ажиллах болов. Түүний ажилласан нэвтрүүлэг болгон санаанд ормооргүй амжилтыг авчирдаг ажээ.
Кино од
Түүний анхны бүтээсэн дүр бол София хэмээх туслах дүр байв. "Час улаан туг" романаас сэдэвлэн бүтээсэн уг кино Опрад Оскар болон Алтан бөмбөрцөгийн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авчирсан юм. Энэ бол 1985 он байлаа. Харин дараа нь 1986 онд Ричард Райтийн “Индиан хүний хүү” киноны гол дүр ээжийн дүрд тогложээ. Гучин хоёр настай, хүүхэдгүй тэрбээр энэ дүрийг сайн бүтээж чадсангүй. Тиймээс ч уг кино дэлгэцэнд гараагүй юм. Гэхдээ кинонд тоглосоноор Опрагийн шоунуудын нэр хүнд асар их өссөн гэдэг.
“Харпо” компаныг үүсгэн байгуулагч
1988 онд Опра “Харпо” компаныг үүсгэн байгуулсан юм. Түүний нэрийг араас нь уншихад энэхүү компаных нь нэр болдог. Тэрээр 20 сая доллароор 9000 хавтгай дөрвөлжин метр бүхий талбайтай киностудийг худалдан авсан байна.
1993 он гэхэд түүний хувийн орлого 98 сая долларт хүрсэн, 1997 онд 110 сая долларт хүрсэн бөгөөд 100 орчим ажилчинтай болсон байлаа. “Харпо” нь янз бүрийн сэдэвтэй киноны зураг авалт хийдэг ч гэсэн гол сэдэв нь нийгмийн тулгамдсан асуудлыг хөндсөн телевизийн нэвтрүүлгүүдийг хийдэг байна.
Опрагийн тухай тооны хэлээр
-Опра өдөр бүрийн ажлаа 06 цагт эхэлдэг
-Опра турахын тулд нэг жилийн дотор 142.000 доллар зарцуулсан. Гэхдээ үр дүн гараагүй.
-1993 оноос гүйлтээр хичээллэж эхэлсэн бөгөөд 21 километр замыг 2 цаг 15 минутад туулж байсан.
-Гүйлтын үр дүнд турж 25 кг жин хасч чадсан бөгөөд одоо 44 размерийн хувцас өмсдөг.
-Опрагийн 4,3 сая долларын эдлэн газар нь Колорадо мужид байдаг.
-Нью-Мексико мужид 4 коттеж болон харштай.
-Индиана мужид 1 фремтэй.
-Челленжер 601-3А тийрэлтэт хувийн онгоцтой. Онгоцны ашиглалтын зардал нь 1,4 сая доллар байдаг.
-Опрагийн шоуг ойролцоогоор 26 сая үзэгч үздэг бөгөөд жил бүр 300 гаруй сая доллар олдог.