Б.Батцэцэг: Орос, Хятадын дунд бид аюулгүй байгаагаа мэдэрдэг
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын үеэр тэрбээр РИА Новости агентлагт ярилцлага өгчээ.
Ярилцлагын үеэр Монгол Улс ШХАБ-т элсэх талаар асуудал хөндөгдсөн бөгөөд Б.Батцэцэг сайд "Монгол Улс ШХАБ-д ажиглагч болоод удаж байна. Бид дээд түвшний, Засгийн газрын тэргүүнүүдийн түвшин зэрэг бүх төрлийн уулзалтад оролцдог. Энэтхэг, Пакистан улс ШХАБ-д элссэнээр энэхүү олон улсын байгууллагын ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Энэ байгууллагыг бид Төв Азийн бүс нутаг дахь хамтын ажиллагааны чухал гарцуудын нэг гэж үздэг.
Бид ШХАБ-ын үйл ажиллагааныхаа хүрээнд хэрэгжиж буй янз бүрийн худалдаа, эдийн засгийн төслүүдэд оролцдог. Манай улсын хувьд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, зам тээвэр, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд, боловсрол, хүмүүнлэгийн салбарт тус байгууллагатай хамтран ажиллах сонирхолтой байна.
Монгол Улс ШХАБ-ыг Төв Азитай хамтын ажиллагаа тогтоох нэг суваг гэж үздэг. ШХАБ-ын оролцогчдын зүгээс биднийг байнгын гишүүн болж, оролцоог нэмэгдүүлэхийг санал болгож байна. Бид ШХАБ-ын суурь баримт бичгүүд болон үйл ажиллагааг зохицуулах бусад баримт бичгүүдийг судалж байна. Сүүлийн жилүүдэд манай судлаачид, эрдэмтэд, Засгийн газрын шийдвэр гаргах түвшний хүмүүс энэ асуудлаар олон нийтийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, ШХАБ-д одоогийн статусаа хадгалах нь оновчтой гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэж хариулжээ.
Түүнчлэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад Монгол Улс нэгдэх боломжтой эсэх талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулахад "Манай улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бусад улс орнуудаас манай улсын аюулгүй байдалд шууд заналхийлээгүй тохиолдолд манай улс цэрэг-улс төрийн аливаа байгууллагад элсэхгүй гэж заасан байдаг. Аз болоход хэн ч бидэнд аюул заналхийлэл хийгээгүй байна. Тиймээс бид ХАБГБ зэрэг цэрэг-улс төрийн байгууллагуудад элсэх шаардлагагүй. Манай улс Орос, Хятадын дунд оршдог. Энэ нь далайд гарах гарцгүй, гуравдагч түншүүдтэй холбогдохын тулд Орос, Хятадын өргөн уудам нутгаар дамжин өнгөрөх шаардлагатай зэрэг хүндрэлүүдтэй. Гэхдээ давуу тал бас бий. Орос, Хятадын дунд бид аюулгүй байгаагаа мэдэрдэг. Монгол Улс худалдаа, эдийн засгийн төслүүдэд илүү их оролцох сонирхолтой байгаа нь бидний ашиг сонирхолд илүү нийцэж байна" гэжээ.