Үндэсний их сургуулийн оюутан Э.Сүхбат: Өөрийгөө улам дайчилж, олимп, дэлхийн аварга болохыг эрмэлзэж байгаа
Нийтэлсэн: 2021-05-09 04:42:21
Польш улсын Кельце хотод саяхан болсон боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн “Ихэр бээлий” клубын тамирчин Э.Сүхбаттай ярилцлаа.
-Та боксын залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын дөрөв дэх тамирчин боллоо. Дараагийн зорилгыг тань сонирхоё?
-Сэтгэл санаа маш өндөр байна. Өөрийгөө улам дайчилж, олимп, дэлхийн аварга болохыг эрмэлзэж байгаа.
-Дэлхийн рингэнд хүч үзсэний дараа ямар мэдрэмж төрж байна?
-Боксын спорт дэлхийн өнцөг булан бүрт хөгжиж, миний үеийнхэн эрчимтэй сайжирч байгааг мэдэрлээ. Учраа бүхэнтэйгээ хүнд тулаан хийж, амаргүй олж авсан ялалтынхаа дараа улам итгэлтэй болсон.
-Өөрт тань итгэл өгсөн тулааны талаар асууя?
-Хүрэл медалийн төлөө юм. Испани улсын тамирчин Пантожа Морено Жуантай хүч үзэхдээ багшийнхаа боловсруулсан тактикийг бүрэн ашиглаж ялсан. Тэрхүү тулааны урд шөнө элдэв зүйлд анхаарахгүй бөх унтаж амрахыг багш маань зөвлөсөн. Анхны багштайгаа тэмцээнд хамт явсан нь медальд хүрэхэд том дэм боллоо.
-Польш явахынхаа өмнө Эрдэнэтэд болсон “Шилдэг-8” тэмцээний рингэнд ах нартай хүч үзсэн нь туршлага болсон уу?
-Энэ тэмцээн маш чухал бэлтгэл болж өгсөн. Алтан медалийн төлөөх тулаанд туршлагатай тамирчин Х.Энхмандах ахаас их зүйл сурч, алдаагаа зассан.
-Таны тулааны өмнө А.Хулан медалийн болзол хангасан. Та хоёрыг нэг багшийн шавь гэж сонслоо?
-Тийм ээ. Хулангаа медалийн болзол хангалаа гэхийг сонсоод урам сэргэсэн. Би удалгүй рингэнд гарах байсан болохоор тоглолтыг нь гүйцэт үзэж чадаагүй. Багш маань өөрөө медаль авсан юм шиг баяр хөөртэй байна.
-Дараагийн даваанд Орос тамирчныг үнэхээр дийлж барсангүй юу?
-Рингэнд бол хожино гэсэн өндөр итгэлтэй гарч байгаа юм. Эхний раунд бол тун давгүй болсон. Анхаарлаа сайн төвлөрүүлсэн боловч төгсгөлөө жаахан тааруу дуусгалаа.
-Медалиа гардан авахад яг юу бодогдох юм?
-Гэр бүл болон багш дасгалжуулагч, найз нөхдөө л их өгүүлдэг юм байна. Эх орныхоо далбааг харь оронд мандуулж чадсандаа сэтгэл хөдлөөд нулимсаа барьж дийлээгүй. Мөн алтан медаль зүүгээд төрийн дуулалаа эгшиглүүлж байгаа өөр орны тамирчныг хараад хор шар хөдөлсөнөө нуугаад яахав. Нэг тийм харамсал одоо ч байна.
-Багш тань медалиа аваад ирэхэд тань юуг зөвлөв?
-“Миний хүү сайн өрсөлдлөө. Ялсан хүнтэйгээ дахин гар зөрүүлэх өдөр ирж магадгүй юм. Тэр үед дутуугаа гүйцээгээрэй” гэж захьсан даа.
-Боксын спортыг сонгосон шалтгаан нь?
-Өвөө маань намайг гурван настай байхаас шатрын дугуйланд, ахыг жүдо бөхийн секцэнд оруулж байсан юм. Боксын спортоор хичээллэхэд чухал нөлөө үзүүлсэн. Өвөө чөлөөт бөхийн тамирчин байсан.
-Өвөөгийнхөө ачаар Т.Ганзориг багшид шавь орсон.
-Уг нь өвөө тань бөх болно хэмээн А.Сүхбат аваргын нэрийг өөрт тань өгсөн гэж дууллаа?
-Тийм гэдэг. Өвөө маань намайг тэмцээнд явахаас гурав хоногийн өмнө бурхан болсон. Өвөөтэйгөө сүүлд уулзахад “хүү нь бүгдийг нь ялаад ирнэ ээ” гэж ам гарсан юм. Өвөө ч надад “аварга болно оо, миний хүү” гээд үнсээд хоцорсон. Сэтгэлд нэг тийм гунигтай тэмцээнд орлоо. Гэхдээ энэ хорвоогийн эрхэм хүндээ амласан амлалтаа бага боловч биелүүлсэн болохоор одоо сэтгэл амарч байна.
-Дэмжиж тусалсан хүмүүстээ талархсан сэтгэлээ илэрхийлж болох юм?
-Баярлалаа. Тэмцээнд оролцох бүх талын боломж олгосон Биеийн тамир, спортын улсын хорооны хамт олон, Монголын боксын холбооны удирдлагууд, гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, шигшээ баг удирдаж оролцсон Чулуунтөмөр, Ж.Еркин дасгалжуулагч болон намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Мөн “Ихэр бээлий” клубыг үүсгэн байгуулагч Р.Байгаль эгч, тэргүүн П.Нямдорж ахдаа баярлаж явдаг. Эцэст нь цаг ямагт миний төлөө зааж сургадаг Т.Ганзориг багшдаа хайртай шүү гэдгээ хэлэхийг хүсч байна. Таны ачийг шавь нь сайн боксчин болж хариулна аа.
Цохилтонд нь оногдоод байсан нерок хийж сурах хэрэгтэй өрөлтөө сольж тоглож сураарай эсрэг тамирчин чинь хэсэгтээ пайнагт ордог эдгээрйиг анхаарана биз амжилт хүсье