Насан туршийн боловсролын үндэсний төвөөр дамжуулан хүний эрхийн соёлыг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2021-04-09 03:31:41
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортуяа, Үйл ажиллагааны дарга С.Амарсайхан нарыг хүлээн авч, хамтран ажиллах асуудлаар ярилцлаа.
Насан туршийн боловсролын төв нь 518 багштай бөгөөд улсын хэмжээнд үндсэн 6 чиглэлээр боловсрол олгох ажлыг зохион байгуулдаг болно. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хүний эрхийн мэдлэг, боловсролоос хамаарсан хүний эрхийн зөрчил түгээмэл байгаа, хүний эрхийн мэдлэг, соёлыг түгээхэд тус төвийн үүрэг, оролцоо чухлыг тэмдэглээд багш нарыг чадавхжуулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, хүний эрхийн мэдлэг олгох нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.