ХӨСҮТ PCR шинжилгээний “очер”- дамлаж, сөрөг хариуг 60 мянган төгрөгөөр гаргадаг байжээ
Өчигдөр ХӨСҮТ-ийн дарга Д.Наранзулыг ажлаас нь чөлөөлж Л.Баттөрийг тус эмнэлгийн даргаар томилсон. Цар тахал эрчээ авсан энэ үед юуны учир ийн халгаа сэлгээ хийгдэв гэдэг асуудал өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм. Дунд шатны удирдах албан тушаалтан, давуу эрхтэй ажилчид PCR шинжилгээний хариуг буруу үйлдсэн ноцтой гэмт хэргийн тухай мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. ХӨСҮТ дээр болсон зарим ноцтой, гэмт хэргийн чанартай үйлдлүүдийг бид дэлгэж байна.
PCR шинжилгээний “очер”-ыг дамлаж байжээ
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн дарга Д, тархвар судлаач О, сорьц авагч О нарын гурван хүн хуйвалдан 82 мянган төгрөгний PCR шинжилгээг байгууллагуудаас нууцаар авч, хавьтлын болон яаралтай батлагдсан шинжилгээний урдуур оруулж, 4-6 цагийн дотор хариуг нь гаргаж өгдөг байжээ. Шинжилгээ авах нууц захиалгыг лабораторийн дарга Д-ийн найз “Гялс” төвийн захирал байгууллагуудад зуучилж өгсөн байна.
60 мянган төгрөгөөр “Сөрөг” хариуг гаргаж өгдөг
Мөн өөр нэг ноцтой асуудал нь шинжилгээний хариуг “Гэрэгэ” систем үрүү шивж оруулах эрхтэй П.Э, сорьц авагч Т.Э нар хамтран сүрьеэгийн тандалтын албаны дарга Э-ын шууд зохион байгуулалтын доор, түүний гаргаж өгсөн нэр, регистрийн дугааруудыг ямар ч сорьцгүй хүлээн авч, 60 мянган төгрөгний төлбөртэй шинжилгээ өгөөд сөрөг хариу гаргасан болгож ПОС машинаар шууд хэвлэж өгдөг байсан байна.
300 шинжилгээний 198 нь танил тал, арын хаалганы хүмүүс байв
Цаашид нарийн шалгалт оруулахад Цагаан сарын дараа олон хүний шинжилгээнд ХӨСҮТ-д ажилладаг алба хаагч нар танил талаараа “очер”, дарааллын урдуур шинжилгээ хийж байсан нь тодорхой болжээ. Нэг жишээ хэлэхэд л 300 сорьц лабораторид орж ирэхэд 198 нь танил талын, гуйлгын шинжилгээ байсан бөгөөд эдгээр гуйлгын шинжилгээний заримыг нь яаралтай байдлаар 2 цагийн дотор хүчээр хариуг нь гаргаж өгсөн байх жишээтэй. Хамгийн ноцтой нь дээрхи байдлаас үүдэн шинжилгээ өгөөгүй иргэд танил талынхаа хуурамч шинжилгээний хариуг ашиглан хөдөө орон нутагт зорчиж вирус тараасан байж болзошгүй байгаа тул тухайн байгууллагын ажилтнуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн байна. Дээрх шалтгааны улмаас өчигдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Наранзулыг сольж, Л.Баттөрийг томилсон ажээ.