ӨМӨЗО-оос 60 мянган маск, 20 мянган бээлий, 210 мянган юань хандивлалаа
Нийтэлсэн: 2021-03-13 07:38:15
БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээлийн алба, улаан загалмайн нийгэмлэгээс коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулан Монгол Улсын Соёлын яам, Улаан загалмайн нийгэмлэг, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хандив өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр цахимаар боллоо.
Ёслолд БНАХУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын төлөөлөгчид болон манай улсаас Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, МСНЭ-ийн удирдлагууд болон хэвлэлийнхэн оролцлоо. БНАХУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын төлөөлөгч “Манай хоёр улс уул усаар холбогдсон, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай найрсаг хөрш орнууд билээ.
Ард түмнийхээ эрүүл мэндийг сахиж хамгаалахын зэрэгцээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өмнө хариуцлага хүлээн нээлттэй, ил тод, олон улсын хамтын ажиллагааг өрнүүлж цар тахалтай тэмцэж ирсэн. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Хүнд үеийг даван туулахад хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн харилцан бие биедээ тусламж үзүүлж байгаадаа баяртай байна.
Энэ удаад Монгол Улсын Соёлын яам, МСНЭ-д тус бүр 30 мянган амны хаалт, 10 мянган бээлий хандивлахын зэрэгцээ Монголын Улаанзагалмайн нийгэмлэгт 210 мянган юанийг хандлаж байна. ив үзүүлж буй юм. Хятадын ард түмний чин сэтгэлийн бэлгийг хүлээн авна уу. Бүс нутаг цаашилбал дэлхийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд бид цаашид ч хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэв.
Энэ үеэр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат “Цар тахлын халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зориулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газраас 60 мянган амны хаалт, 20 мянган бээлий, 210 мянган юанийн хандив, тусламж үзүүлж байгаад талархаж байна. “Ковид”-ын халдвар идэвхжсэн энэ үед та бүхний үзүүлж буй тусламж манай улсад ихээхэн тус дэм болно гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.
Дэлхий нийтээр корона вирусийн цар тахалтай тэмцэж байна. Энэ үед Өвөрмонгол ахан дүүс сэтгэлийн дэм, хандив тусламж илгээж байгаад талархлаа илэрхийлье. МСНЭ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газартай хамтын ажиллагаатай явж ирсэн. Хоёр талын хамтарсан “Хэвлэлийн форум” 12 дахь жилдээ болсон. Бидний хамтын ажиллагаа, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг онцлон хэлмээр байна” хэмээн МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар хэллээ.
Ёслолын үеэр хандив, тусламж замдаа гарсныг дуулгалаа. МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа талархал илэрхийлэн “ӨМӨЗО-ноос ирүүлсэн хандивийг олон хүүхэдтэй эхчүүд, амьжиргааны төвшин доогуур өрх зэрэг зорилтот бүлэгт хүнсний тусламж олгоход зарцуулахаа хэлсэн юм.
Тэрээр “Монгол Улсад корона вирусийн халдварын тоо буураагүй. Ялангуяа нийслэл голомт болж буй өнөө үед цагаа олсон тусламж болж байна. Хатуу хөл хорио тогтоож бизнесийн үйл ажиллагаа зогссоноор ажилгүй, орлогогүй өрх нэмэгдэж байгаа хэцүү үед тусламжийн гараа сунгасан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар болон хэвлэл мэдээллийн алба, Улаан загалмай нийгэмлэгийн хамт олонд талархлаа илэрхийлье” гэлээ.
Ийхүү хөрш орны харилцаа хамтын ажиллагааг бүх талаар өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа ярьж байлаа.Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусла хэмээх ардын үгийн үнэ цэн оршвой.
