ХҮН ЧАНАРЫН ХОМСДОЛ ХИЙГЭЭД НӨХӨН ОЛГОВРЫН ТУХАЙ ХУУЛЬ
Өчигдөр дөнгөж төрсөн нярайг нялх биетэй ээжтэй нь дөрвөн есийн хүйтэнд дөнгөлөх нь холгүй авч явааг бид бүгдээрээ харлаа. Бид ямар нийгэмд амьдраад байна аа. Монголчууд бид ийм хүн чанаргүй, энэрэх сэтгэлгүй болчихсон гэж үү??!!!
Энэ жигшмээр үйл явдлыг сошиалаар хэд хоног шуугиад, хэдэн албан тушаалтанд хариуцлага тооцоод өнгөрөх бус учир шалтгааны үүднээс няхуур авч үзэх хэрэгтэй. Өнөөдөр Монголчууд бид бусармаг зүйлээс ангид байх ёс суртахуун, бусдыг энэрэх бодол сэтгэлээс улам алсарч зөвхөн хувиа хичээх зан, худал хийрхэх дон, бурууг нүдээ аниад хийх үйл, бусдыг дорд үзэх үр тогтоод удаж байна. Монгол хөгжин дэвшихгүй, улам бухимдалтай, хэцүү нийгэм бий болоод байгаагийн бодит шалтгаан нь бидний өөрсдийн атаа жөтөө, шунал, буруу сэтгэл, бусармаг үйлдлүүдтэй холбоотой. Улс төрчдийг хичнээн буруутгаж зүхээд ч тэд энэ бусармаг нийгмийн толь төдий л юм. Тэдний оронд бидний л хүмүүжүүлж буй хувиа бодсон аминчхан үзэлтэй, энэрч нигүүлсэх сэтгэлгүй үр хүүхдүүд минь очоод ч ижилдээ ижил л байх болно. Миний хүүхэд улсын мөнгөнөөс арай бага иддэг, эх орноо арай бага сүйрүүлж байгаа л гэж сайрхах гээгүй юм бол яг өнөөдрөөс өөрсдийн болон үр хүүхэдийнхээ, ирээдүйнхээ зүрхний хөрсөнд ёс суртахуун, хайр энэрлийн үрийг тарих цаг болсон.
Хүмүүн төрөлхтөн хэдэн мянган жилээс нааш өөрсдийн шашныг үүсгэн хөгжүүлж итгэж биширсээр ирсэн. Аль ч шашин зөв сэтгэлтэй байж зөв амьдрахын ухааныг сургадаг. Христийн Библи, Муслимийн Коран, Иудайн Тора, Буддын Их хөлгөний сургааль судруудын алинд нь ч нүгэл хилэнц үйлдэлгүй, бусдыг энэрч хайрлан зөв амьдрахыг сургасан буй. Энэ л учир шалтгаанаар эзэн богд Чингис тэргүүтэй Их Монгол улсын хаад бүхий л шашныг ялгаварлалгүй ивээж байсан нь дэлхийн түүхэнд тод мөртэй, сод чимээтэй үлдсэн байна.
Шашны сургаалыг учир шалтгааны үүднээс судлан ойлгож, үр хойчоо зөв сурган хүмүүжүүлж ирсэн улс орон хөгжин мандаж байдаг нь жам ёс. Зөвхөн өнөөдрийг хэлэлцэхэд Америк, Европын олон улс орон католик шашнаа төрийн бодлогоор дэмжиж, шашин суртлынхаа зөв ойлголтуудыг иргэддээ түгээн дэлгэрүүлснээр хамгийн хүчирхэг, хамгийн ёс зүйтэй, хүнлэг иргэний нийгмийг цогцлоож байна. Хятад улс гүнзгий сэтгэгч Күнзийнхээ даруухан оршихдоо том сэтгэж, ямххан алхахдаа алсыг зорихын сургаалиа дагаж дэлхийн хүчирхэг гүрэн нэгэнт болоод байна. Еврейчүүд хэзээ ч өөрсдийн шашин суртлаа гээлгүй хичээн сургаж ирснээр ямар ч цаг үе, ямар ч нийгэмд хамгийн нандин гэр бүлийн үзэлтэй, хамгийн хүчирхэг хүмүүс байсаар ирж. Улс орон бүр өөрсдийн шашин соёлд тулгуурласан сэтгэлгээний философи, үндсэн ухагдахуунаа бий болгож дэлгэрүүлж ирсэн байх юм.
Монголчуудын хувьд эртнээс буюу Хүннү, Кидан гүрний үеэс буддын шашин анхлан дэлгэрч байсан бөгөөд Их Монголын эзэнт гүрний үед төрийн шашин болж байж. Түмэдийн Алтан хаан, Халхын Автай сайн хааны үеэс дахин мандаж Монголчуудын амьдрахуйн салшгүй хэсэг, уламжлалт шашин, өв соёл болон тогтсон байдаг. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад олон түмнээрээ оюун санааны удирдагч Богд Жавзандамба хутагтыг тойрон нягтарч, их хаадын удмын ухаан урттай хангууд улс үндэстнээ гэх эрмэлзэл, оюунаар түүнийг хаан ширээнд залж байсан нь яавч тохиолдлын хэрэг биш ээ. Өнөөдөр бид туурга тусгаар улсын бүрэн эрхт иргэд хэмээн тунхаглан буй маань бурхны шашинтай учир зүйн холбоо сэжимтэй билээ л.
Уламжлалт шашин соёл маань түүхийн нугачаанд хэлмэгдэл зовлонд өртөн, хэдэн мянган лам нараа цаазлуулан, зөвхөн шашны төдийгүй түүхийн үнэт өв соёлоо эвдлүүлэн шатаалгаж, доромжлогдон гундаж байсан гунигт түүх Монголд бий. Өнөө хэр Монгол төрийн зүгээс хэлмэгдсэн хүмүүсээс уучлал гуйснаас хэлмэгдэн сүйрч байсан шашин соёлдоо хүндэтгэл үзүүлсэнгүй явж ирлээ.
Шашин соёлоо устган дарангуйлж, дараа нь бодлогоор дэмжилгүй зөнд нь орхисны гайгаар өнөөдөр Монгол хүн өөрсдийн гэх үндсэн философигүй, үндэстний гэх нэгдмэл ухамсарт сэтгэлгээгүй, нүглээс айдаггүй бүдүүн зүрхтэй, нигүүлсэн энэрэх сэтгэлгүй бусармаг үйлдэлтэй хүн шааруудын цуглуулга болж гэхэд хатуудахгүй биз.
Саяхан УИХ-ын 54 гишүүн хэлмэгдлийн шуурганд өртсөн шашин соёлдоо хүндэтгэлтэй хандаж “Бурхны шашинд нөхөн олговор олгох тухай” хуулийн төсөл өргөн бариад Сангийн сайдын Ч.Хүрэлбаатрын “төсөвгүй” гэх шалтгаанаар хэлэлцэх асуудлаас хасагдаж. Олон нийтийн зүгээс ч лам нарт мөнгө олголоо, шашин, үзэл бодлуудыг ялгаварлан гадуурхлаа хэмээн дайрах нь харагдана.
Үгүй юмаа. Уламжлалт шашин соёлоо төрийн бодлогоор дэмжих нь хамгийн хүнлэг иргэний нийгмийг бий болгож, улс орон өөдлөн дэвжихийн үндсэн суурь шалтгаан юм. Хамгийн ардчилсан АНУ, Европын улсууд католик шашнаа төрийн бодлогоор дэмжээд зогсохгүй дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Зөвхөн иудайн шашинт Израйль улс дотроо ганцхан шашинтай байлгахаас гадна хорвоогоор нэг тархсан еврейчүүдээсээ шашин соёлдоо хандив мөнгө өгөхийг ил тодоор уриалдаг.
Нөгөө талаас эдийн засгийн хөшүүрэггүйгээр ямар нэг үзэл санаа, үйл ажиллагаа амжилтад хүрдэггүй. Үзэгч багатай, мөнгө муутай спортын төрөл ч хөгждөггүй нийгэмд бид амьдарч байгаа. Харин ч төрийн дэмжлэггүй ч Бурхны шашин маань муу хэлүүлдэг ч хэдэн лам нарынхаа хүчинд, мухар сүсэгтэй хэмээн доромжлуулдаг сүсэгтэн олныхоо ачинд гал алдчихалгүй, уламжлалт шашин соёлоо чадлынхаа хэрэнд хөгжүүлж, учирсан ойртсондоо зөв сэтгэж, зөв амьдрахын ухаарал хайрласаар явна.
Гавъяат хуульч Б.Чимид, С.Нарангэрэл нар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо тун ижилхэн зүйл ярьсан. Ёс зүй, ёс суртахуунгүй нийгэмд ямар ч сайн хууль хэрэг болдоггүй. Энэрэн нигүүлсэх сэтгэл дээр л эрх зүй цэцэглэдэг гэж.
Өнөөдөр бид Америк, Герман, Еврей хүмүүсийн үйлдлүүдийг нь бахархан дуурайж байгаагаас үндсэн санаа, философийг нь ойлгохгүй байна. Английн эмнэлэгт хуруугаа боолгохоор очиход тэргэнцэр дээр суулгаад түрж, Монголд дөнгөж төрсөн эхийг нүцгэн нойтон чирж буй нь хүнд хандах хандлага, энэрэх сэтгэл, соёл ухамсрын асар том ялгаа зөрүү харагдана.
Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан … хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх…-эд шашин соёлоо учир шалтгааны үүднээс жинхэнэ утгаар нь хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хүн чанарын хомсдлоос салж, Монгол улс шиг улс болон, Монгол хүн хүн шиг амьдрахын шалтгаанаа хамгийн энэрэнгүй гэгддэг Бурхны шашны гүн ухаан, эгээрэл сургаалийг жинхэнэ утгаар нь дэлгэрүүлэх цаг нь болсон.
Э.ОЮУНБОЛД