Хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргажээ
Нийтэлсэн: 2020-11-15 03:53:58
Коронавируст халдварыг дотоодод алдсан нөхцөл байдлын улмаас улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжээд байгаа. Энэ хугацаа арваннэгдүгээр сарын 16-ны мягмар гарагт дуусах ч цаашид 14 хоногоор сунгах зөвлөмжийг ДЭМБ-аас өгчээ. Өнөөдөр Эрүүл мэнд сайдын зөвлөлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Тээврийн жолоочийн ойрын хавьтлуудаас нэмж халдвар илэрч буй нь анхаарал татаж байна. Одоогоор Улаанбаатарт бүртгэгдсэн голомтот халдварын тоо ес болоод буй. Харин Сэлэнгэд бүртгэгдсэн халдвар гурав байгаа.Цаашид эдгээр тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлага тулгарч байна. Иймд хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах санал оруулж байгаа. Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр яригдаж байна" гэв.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгаж, хөл хориог үргэлжлүүлэх эсэхийг өнөөдөр Улсын онцгой комиссын хуралдаанаар шийдэх юм.
