Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийг түшиглэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлнэ
МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Налайх дахь салбар зөвлөл болон дүүргийн баатар, гавъяат цолтой иргэдийн төлөөллүүдтэй уулзан намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж санал бодлоо солилцсон юм.
Өнгөрсөн хугацаанд Налайх дүүрэгт Эрүүл мэндийн нэгдсэн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдаж, нярайн эмгэг судлалын тасаг нээгдсэн. Мөн яаралтай түргэн тусламжийн автомашины тоог нэмэгдүүлжээ. Дүүргийн 3 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг, Цагдаагийн хэлстийн шинэ барилга, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөж эхнээсээ ашиглалтад орж эхэлжээ. Түүнчлэн Налайх-Чойрын 20.9 км автозамыг шинэчилж, сар хүрэхгүй хугацаанд “Цэнгэлдэх хүрээлэн”-г барьж ашиглалтад оруулсан. Цаашид 300 ортой эмнэлэг, сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг барьж 2000 гаруй ажлын байрыг бий болгох, Налайх дүүргийг аялал жуулчлалыг дэмжсэн хот болгон хөгжүүлж, бизнес, соёлын харилцааг дэмжсэн “Хөгжлийн үүд залуусын цахим хотхон” байгуулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэдгийг МАН-аас нэр дэвшигчид онцлон хэллээ.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн алслагдсан гэх тодотголыг халж, бүсчилсэн хөгжилтэй, бие даасан статустай хот болгон хөгжүүлэх ажлыг эхлүүллээ. Сонгуулийн дөрвөн жилээр хөгжлийг тодорхойлох бус урт хугацааны бодлогын баримтыг боловсруулж хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр шим өгөөжтэй байх юм. Цаашид ажлын байрыг нэмэгдүүлж, иргэн төвтэй хотын хөгжлийг бүрдүүлэхийн төлөө төлөвлөн ажиллана” гэв.
“Багануур, Багахангай, Налайх дүүрэг анх удаагаа УИХ-д дангаараа төлөөлөлтэй болох алтан боломжийг энэ удаагийн сонгууль бидэнд олгож байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэхийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэн ажиллана. Налайх дүүрэгт үйлдвэр, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлж, олон улсын ачаа тээвэр, логистик, бөөний худалдааны төвийг байгуулна. Ингэснээр бизнес эрхлэгчид, худалдаа эрхлэгчдийг ажлын байраар хангах бүрэн боломжтой болж байгаа гэдгийг нэр дэвшигч Ц.Сандаг-Очир онцлон хэллээ.
Налайх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Л.Цэцгээ “Олон УИХ, Засгийн газрын нүүрийг үзлээ. Сонголтгүйгээр шууд нэг хүнийг сонгож байсан үе ч монголчуудад байсан. Энэ удаагийн сонгууль налайхчууд бидэнд маш том боломжийг олголоо. Дүүрэг хороодоо мэддэг, залуу хүмүүсийг дэмжихгүй байхын аргагүй. Эдийн засгийн маш хүнд нөхцөлийг У.Хүрэлсүхийн Засгийн газар давсан. 8 их наяд төгрөгийн өрийг барагдуулж, хуримтлал үүсгэж чадсан нь гайхалтай бахдам амжилт шүү. 20 жил яригдсан Улаанбаатарын утааг гурван сарын дотор 50 хувиар буурууллаа. Захын гурван дүүргийг хөгжлийн гадуур орхигдуулдаг байсан нь өөрчлөгдсөн. Намын мөрийн хөтөлбөрт Багануур, Багахангай, Налайх дүүргийг тусгайлан нэг тойрог болгож анхаарсанд баяртай байна. Түүхэн уламжлалаа хадгалсан тогтвортой төрийг бид хүсч байна. Авлига хээл хахуулийг халсан шударга засагтай байхыг бид хүсэж байна. Иймд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ. Та бүхэн хэлсэн бүх ажлаа хэрэгжүүлж нүүр бардам дахин ирээрэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб