Багануур дүүрэгт дэд бүтэц, аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулна
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн 5 дугаар хорооны Нарийн, Залуус, Наран хэсэг болон 3 дугаар хорооны орон сууцны иргэд, сонгогчидтой уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.
Өнгөрсөн хугацаанд Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Их гүн хэсэгт анх удаа 320 хүүхдийн суудалтай бага сургууль барьж ашиглалтад оруулжээ. 3 дугаар хороонд Залуучуудыг ажлын байраар хангах, тогтвортой орлого бий болгох жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор анх удаа дүүрэгтээ орчин үеийн шаардлага хангасан шилэн фасад бүхий барилгын ажлыг эхлүүлсэн байна. Мөн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 8 байршилд 92 автомашины зогсоолыг шинээр хийжээ. Энэ бүх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийж хэрэгжүүлж ажилласан хотын Захирагч С.Амарсайхан болон дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарт талархаж явдгаа хорооны иргэд уулзалтын үеэр илэрхийлж байв.
Цаашид дүүрэг бүрд иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Багануур дүүрэгт дэд бүтэц, аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулна. Гэр хорооллуудад цэвэр, бохир ус, халаалтын хэсэгчилсэн инженерийн байгууламж барьж, цахилгаанд бүрэн холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгон хуучны орон сууцны гадна фасадыг дулаалж, өнгө үзэмжийг нь сайжруулах гээд олон зорилтууд намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэдгийг нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар иргэд, сонгогчиддоо онцолж дуулгалаа.
Энэ үеэр 5 дугаар хорооны иргэн М.Энхцэцэг “Энэ удаагийн сонгуульд алслагдсан гурван дүүрэг нэг тойрог болж, УИХ-д бие даасан төлөөлөлтэй болох гэж байгаад баяртай байна. Багануур, Багахангай, Налайх гурван дүүрэг маань одоо хөгжиж, үйлдвэржих цаг нь нэгэнт болсон. Нутаг орноо мэддэг хоёр нэр дэвшигч манай тойрогт нэр дэвшиж байгаад иргэн хүний хувьд маш их талархалтай байна. Ингээд Багануурчуудыгаа хоёр нэр дэвшигчтэйгээ хамтран хүчээ нэгтгэн хамтдаа хөгжие гэж хэлмээр байна” гэв.
Мөн 5 дугаар хорооны иргэн Г.Тогооч “Улс төрийн намын ууган хүчин МАН энэ удаагийн сонгуульд манай тойрогт мэдлэг боловсролтой, хийсэн ажилтай хэлэх үгтэй, нутаг орноо хөгжүүлсэн хоёр залууг илгээжээ. Ахмад хүний хувьд тун баяртай байна. УИХ-д бие даасан төлөөлөлтэй болох энэ цаг мөчийг маш их хүлээлээ. Манай 5 дугаар хорооныхон хоёр нэр дэвшигчдийг багаар нь 100 хувь дэмжиж сонгоно гэдгийг итгэл дүүрэн хэлье” гээд нэр дэвшигчдэд сонгуулийнх нь ажилд амжилт хүсээд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг заавал үзээрэй” гэж захисан юм.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб