23 дугаар тойргийнхон МАН-аас нэр дэвшсэн залуусыг багаар нь дэмжихээ илэрхийллээ
Улсын Их хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сангийн Дэд сайд Хүрэлбаатарын Булгантуяа, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар иргэд, сонгогчидтойгоо уулзсаар байна. Өчигдөр тэд Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороо буюу Хужирбулан, Улиастайн эцэст сонгогчидтойгоо уулзлаа. Уулзалтын үеэр иргэд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илгээсэн салбар бүртээ шилдэг нь болсон гурван залуугаа багаар нь сонгоно гэдгээ хэлж байсан юм. Уулзалтад ирсэн иргэдийн төлөөллийн үгийг хүргэж байна.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Бат-Эрдэнэ:
-Би энэ хороонд олон жил болсон. Гурван сайхан залуу манай хороонд нэр дэвшиж байгаад маш их баярлаж байна. Манай залуучууд төрийнхөө тугийг барих болчихсон юм шүү. Залуусаа багаар нь сонгох ёстой. Ганц эдгээр залуус ч бус 2020 оны сонгуульд нэр дэвшсэн хүн бүхнийг багаар нь сонгож гаргаж ирээрэй. Яагаад Ардын намыг илүүд үзэж байна вэ гэвэл, өөр нам олонхи болоод гараад ирвэл нөгөө хийн хоолой зэрэг том бүтээн байгуулалтууд зогсоно. Царцаж байсан түүх ч бий шүү. Яармаг дахь төрөх эмнэлэг олон жил зогсож байгаад өнөө жил ашиглалтад орох гэж байна. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд хийсэн, эхлүүлсэн ажлыг нь дуусгая. Та бүхэн Их хурлын гишүүний суудалд оччихоод суудлаасаа босдоггүй, иргэдтэйгээ уулздаггүй байж болохгүй шүү. Шударга байгаарай. Энэ хороонд гурван саарал байшин бий. Завсар ч ороогүй, хүн амьдрахад бэрхшээлтэй гэж тогтоосон. Үүнийг та гурав дахин төлөвлөлтөд оруулж байртай болгож өгөөч гэж хүсье.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Бямбадолгор:
-Би энэ хороонд 23 жил амьдарч байгаа. Сүүлийн найман жилд АН-ынхан ялалт байгуулсан атлаа манай хороо хөгжөөгүй ээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх бидэнд шижигнэсэн гурван залуугаа явуулжээ. Бид бол азтай хүмүүс шүү. Э.Бат-Амгалан дарга гэр хорооллын амьдралыг маш сайн мэддэг хүн. 2018 онд манай хороонд 10 тэрбум төгрөгийн төсөв дэд бүтцийг шийдэхэд зарцуулагдахаар суусан байсан. Гэтэл Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгчийн зөвлөх болж очоод тэр мөнгөөр булаацалдаад, хоорондоо хэрэлдэж байх зуур мөнгөө хураалгасан. Настай бид гал түлэх хэцүү байна. Тиймээс төрийн түшээ болоод энэ асуудлыг шийдэж, биднийг дэд бүтэцтэй болгож өгөөрэй. Х.Булгантуяа бол гурван хэлээр чөлөөтэй ярьдаг мундаг боловсролтой бүсгүй. Гадаадад Дэлхийн банкны зөвлөх хийж байхад ээж нь “Би чамайг гадны компанид ажилла гэж боловсролтой болгоогүй шүү” гэж хэлэхэд нь өөрийн итгэл үнэмшлээр эх орондоо ирж, сурсан мэдсэнээ залуу үедээ, улс эх орныхоо төлөө зориулж байгаа гэж ярьсан нь надад маш их таалагдсан. Тийм учраас дүүгээ дэмжинэ ээ. УИХ-д очоод төсвийн нууц байдлыг хангах талаар сайн ажиллаарай.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн н.Баасансүрэн:
-2020 оны сонгуулиар МАН-ын дарга У.Хүрэлсүх хамгийн шилдэг боловсон хүчнээ бидэнд илгээжээ. Бид тэдэнтэй уулзаж, сонголт хийх боломж олдож байна. Бид сайхан засаглалыг тогтоохын тулд Монгол Ардын намын бидэнд илгээсэн залуусыг дэмжих учиртай. Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нарыг багаар нь сонгож, ажил амьдралаа сайжруулахыг хүсч байна. Хүчээ нэтгэе.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн н.Цэндээ:
-Энэ өдөр сайн үг хэлбэл түм бум болж өсдөг, муу үг хэлбэл хүний чихэнд сонсогдохгүй алга болдог өдөр. МАН-ынхан эдийн засгийн уналттай, баялгийг нь дээрэмдсэн, тонуулчдын гарт төр нь байх үе буюу 2016 онд засаг барьсан. Монголын ард түмэн цоглог хийморь, холч бодлоороо тэдэнд итгэл үзүүлсэн билээ. Энэхүү итгэлийг У.Хүрэлсүхээр ахлуулсан УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд оролцож буй энэ хамт олон их зүтгэл, их хүчээр хариулсан билээ. Өнөөдрийн энэ сонгуулийг намууд, хувь хүмүүсийн сонгууль гэхээс илүү дэлхий нийтийг айлгасан аюулт өвчний эсрэг, Монголын тусгаар тогтнолыг алдагдуулахгүйн эсрэг, байгалийн баялгаа авч үлдэхийн төлөө тэмцэж буй У.Хүрэлсүхийн тэмцэл юм гэж ойлгож байна. Энэ тэмцлийг үргэлжлүүлэхийн төлөө багийг нь дэмжицгээе. Монгол түмний бахархал бол өглөө босохдоо сүүгээ өргөх эх орон, элэг бүтэн амьдрал, тусгаар тогтнол юм. МАН-ын гурван төлөөлөгчөө дэмжицгээе.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн н.Дүйнхоржав:
-МАН-аас нэр дэвшүүлж явуулсан гурван нэр дэвшигчээ сонсох гэж хуралд ирсэн юм. Ард түмний эрүүл мэндийн төлөө ажиллаж буй Ж.Чинбүрэн эмчээрээ бахархаж байна. Мөн Х.Булгантуяа Дэд сайд бол санхүүгийн бодлогыг сайтар сайтар базаж чадах хүн гэж итгэж байгаа. Би өрх толгойлсон эр хүний хувь та бүхнийг бидний төлөө юу хийж чадахыг сонсох гэж ирлээ. Итгэл үнэмшил төрсөн учраас та бүхнийг багаар нь дэмжинэ.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн н.Амгалан:
-Би энд найман жил амьдарч байгаа, хоёр удаа сонгууль өгсөн хүн. Найман жилийн хугацаанд энэ хорооноос олонхийн итгэл авч сонгогдсон хүмүүс бидний төлөө юу ч хийгээгүй. Талийгаач Д.Арвин нэг удаа зам барьсан. Харин бусад гишүүд нь юу ч хийгээгүй. Бид хүн биш болсон. Газрын гэрчилгээ, хашааны номер, унаа, худаг байхгүй. Орой такси барихад 5000 төгрөг болчихдог. Тэгэхээр та гурван залуус бидний энэ асуудлыг шийдэж өгөөч. Манай хорооны Засаг дарга хэн гэж хүн байдгийг ч мэдэхгүй. “Гахайн байр”-наас хойш амьдардаг хүмүүсийг төр засаг бараг мартсан даа. Айлаас сарын 30 мянган төгрөгөөр тог авч байна. Бодит байдал ийм л байгаа шүү.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны иргэн Б.Лхүндэвдэлэг:
-Би энэ хороонд 1970 оноос эхлээд амьдарсан хүн байна. Түрүүчийн сонгуулиар бид алдаж сонгууль хийсэн учраас амьдрал сайжирсангүй. Тийм учраас өнөөдөр Их хуралд өрсөлдөхөөр ирсэн эдгээр залуус жинхэнэ нүдээ олсон сонголт болжээ. Нийгмийн олон байгууллагад ажилласан сайхан залуусыг дэмжинэ. Бид хийсэн зүйлийг нь үнэлэх ёстой. Өчнөөн жил ярьсан утааг шийдэж чадлаа. Цар тахалтай 200 гаруй улс орнууд дунд ганцаараа дотроо тараагүй улс болж үлдлээ. Гаднаас зөөвөрлөж авчирсан иргэдээ эмчлээд гаргаж байна. Бидний амьдралын төлөө ажиллах залуусаа дэмжих нь зөв юм. Хуран цугласан хүмүүсийг хараад бид баярлаж суулаа. Үйл яриа, үг хэлийг нь сонсох гэж ирсэн та нартаа туйлын их баярлаж байна. Энэ сонгуульд ялах ёстой шүү. Энэ хүмүүсээр л ажлыг нь хийлгэхгүй бол дахиад өөр нэг хэсэг хүмүүс гарч ирээд дараагийн дөрвөн жил юу ч хийхгүй.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны иргэн С.Чадраабал:
-Би ахмадуудын төлөөлөл болж энд ирсэн юм. Гурван сайхан залуугаа багаар нь дэмжиж гаргахыг та бүхнээсээ уриалж байна. Багаар нь дэмжсэнээр сонголтын хариу гарах юм шүү.