АЙЛТГҮЙН ХҮҮ АЙЛТГҮЙ ЭЭ... АРД ТҮМЭН ЧИНЬ МЭДНЭ
Хүн болгон адилгүй, Номхон морь ноолоход амархан. Ийм үгс амьдрал дундаас гарч ирсэн. Амьдрал үүнийг шалгуураараа ширээсэн. Тийм л дээ. Айлтгүйн төмөр-Очир бол өөрийн гэсэн гүн ухаантай, түүндээ ирлэгдэн хурцлагдсан эр хүн. Зориг нь цээжиндээ оволзож, зорилго нь тархиндаа буцалж, алдах хөрнгөгүйдээ аархаж ард монголоо гэсэн омогшил нь ардаг хүлэг шиг цамнаж байгаа талын омголон “чанар”-тай эр хүн. Зүгээр ингэж сайхан үг хэлээд олны өмнө эвхээс нь задраагүй торгон дээл өмсгөх гэсэнгүй. Тэр бол ард олондоо танигдсан, зүрх сэтгэлээрээ эх орноо гэсэн иргэн хүн. Цөхөрсөн эх орноо, ядарсан төр засгаа хараад зүгээр сууж чадалгүй, шинэчлэлийн сэтгэл нь сэмэрч, төр түмнийхээ төлөө зүтгэхээр шийдсэн юм. Түүнд ШИНЭ гэдэг үг л зүрхэнд нь гялалзаад байна. Улс монголоо шинэчлэе гэх омогшилд нь залуу улс төрч Батзандан тэргүүт нөхдийнх нь өгсөн урам дэм улмаа дүрэлзсэн их гал болгожээ. Тэр ер нь “АМЬД ГАЛ” адууны тэнгэртэй нэгэн. Тэр ялзарсан төрийн оюунд ташуурын салхи тас хийлгэх монгол зориг монгол ухаан бий. Монгол хүн морин дээрээ бодож, морин дээрээ бүтээж, морин дээрээ зоригждог. Төрийн сүлдэндээ хүртэл морио залсан энэ эх орныг ингэж доромжлуулахгүй гэж цус нь буцалсан эр хүн. Олон сайхан шүлэг, олон сайхан зураг, олон сайхан дуу, олон сайхан ухаан, олон сайхан үгэн илд түүнд байна. Үг бол ухааны тунгаамал юм шүү дээ. Тэр зүгээр л омогшин дэлдэгч, уухайлан хашгирагч лавтай биш. Тэр улс төрийн дээд боловсрол эзэмшсэн, орон нутагтаа төрийн ажил хийлцсэн туршлага хуримтлуулсан хүн. Нутгийхан нь андахгүй дээ. Тэр “Ташуураа далайх багадав, тархинд нь одоохон буулгая” хэмээн зориг зорилгоо тодорхойллоо. Улс төрийг илэн далангүй, айж эмээлгүй, шулуун шудрага цэцэлсэн нь багадаагүй. Тэр бүхэн нь ард түмний дунд аман зохиол шиг болтлоо түгжээ. Ямартаа л “гэрийн нохойн сүүл дээшээ, төрийн нохойн сүүл доошоо” олон жилийн өмнө хэлсэн нь аман зохиол л гэж ойлгогдохоор болсон. Ийм жишээ мөн ч олон бий дээ. Энэ үгс ард түмний хүсээд байгаа хүслийн зууч хөтөч болон түгэн түгсээр авай. Сүхбаатар нутгийханы төрүүлж өсгөсөн энэ найрагчийг монгол түмэн андахгүй. Ийм сайхан хүү төрүүлсэн тал нутгийнхан одоо л төр барих эрхийг нь түвшин сайхан ухаанаараа хурайлан байж олгоно гэдэгт итгэх юун. Хаа байсан Хөх алтайн хөх хүү би олон жил нөхөрлөсний хувьд сэтгэл тунгалаг байгаа шүү. Сүхбаатарчууд минь Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, Хэлбичгийн ухааны доктор ЛХАНААГИЙН МӨНХТӨР