Төв нутгийн танил хүн
Хэдхэн хоногийн өмнө Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэв. Энэ үед нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ, ямар түүх замналтай явж ирснийг илтгэх мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа хөвөрч байна. Онцолж бичиж байгаа хүн маань Төв аймагт Монгол Ардын Намаас итгэл хүлээлгэн нэр дэвшүүлсэн Д.Гантөгс хэмээх бүсгүй. Тэрбээр тус намаас нэр дэвшигч 16 бүсгүйчүүдийн нэг.
Нэр дэвшигчдийн түүх намтар, мэргэжлийн онцлог, туршлагыг судалж үзвэл нэр дэвшигч бүр өөр өөрийн онцлогтой аж. Д.Гантөгсийн хувьд олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагыг тэргүүлж ажилласан, нийгмийн ажлын чиглэлээр мэргэшиж, нийгэмдээ гэрэл түгээгч гэдгээрээ онцлог юм.
Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн 17 хувь нь инженер мэргэжилтэй бөгөөд тэдний нэг нь Д.Гантөгс. Эмэгтэй хүн хэр барагтай эзэмших гэж зүтгээд байдаггүй уул уурхайн хүнд үйлдвэрийн инженер мэргэжлийг эзэмшсэн нэгэн. Эзэмшсэн мэргэжлээрээ тухайн үеийн Политехникийн дээд сургуульд багшлахаас ажлын гараагаа эхэлжээ. Нэг үгээр тэр гарын олон шавьтай багш хүн. Нөгөө талаар хүн болгонд амьдралын баяр баясгалан бэлэглэж, амьдрахуйн шинэ жим, санаа сэдэл өгдөг ачтан.
Тэрбээр “Амьдрах урлаг”-аар дамжуулан дотоод сэтгэлийн хүчээр амьдралаа залж чиглүүлэх ухааныг хүнд өгч амьдрахуйн ухаанд сургадаг амьдралын нэгэн шинэ хэмнэлийг Монголд анхлан нутагшуулж чадсан хүмүүсийн нэг. Эхлүүлсэн энэ ажилдаа 20-иод жил тууштай зүтгэсний үр дүнд өнөөдөр түүний тэргүүлдэг төрийн бус байгууллага 120 мянган йогчдыг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага болжээ.
Тэгэхээр санаачлан эхлүүлсэн ажил үйлсээрээ хамгийн олон танилтай, түүнийг нутгийнхаас нь гадна эгэл жирийн хүмүүс ч андахгүй.
Зуунмодын Гантөгс
Түүний овгийн өмнө Төв нутаг гэсэн байнга дагалддаг. Аав нь насаараа аймгийн спорт хорооны даргаар ажилласан, нутгийнхан нь Ургацын Дагва гэдгээр нь сайн мэднэ. Ээж нь мөн л насаараа аймгийнхаа Холбоонд ажиллаж байж. Өөрөө ч энэ нутагт төрж өссөн, сургууль соёл төгссөн, үр хүүхдүүд нь энэ нутагтаа төрж өссөн яах аргагүй л Зуунмодын унаган иргэд. Хүүхэд ахуй насандаа аймгийнхаа Монголын хүүхдийн байгууллагын штабын дарга гэдэг хэрэндээ л том албан тушаал хашдаг байж. Хожим Олон улсын Хүүхэд залуучуудын “Найрамдал” цогцолборыг хариуцан ажилласан нь ч түүний багын хүсэл мөрөөдөлтэй холбоотой. Аймгийнхаа 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг алтан медальтай, Оросын Холбооны Улсын Екатеренбург хотын Уралын Политехникийн Дээд Сургуульд Сүхбаатарын цалинтай суралцаж, улаан диплом өвөртлөн ирж байжээ.
Д.Гантөгс 1986 онд Монгол Ардын Намд элсч, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сүүлийн 10-аад жил ажиллаж байна. Энэ хугацаанд нийгэмдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо нэгтгэж, олон бодитой санал санаачилгыг төрийн бодлогод тусгуулж явсан ажээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ажлын алба, УИХ-ын дэд даргын ажлын албаны даргад ч ажиллаж байсан туршлага нь ч үүнийг илтгэнэ.
Д.Гантөгс Энэтхэг улсад сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн. Техникийн ухааны магистр, Сэтгэл судлалын ухааны докторант юм.
Гэрээ гэгээ түгээгч
Дээр дурдсанчлан түүний тэргүүлдэг “Амьдрах урлаг” ТББ 120 мянган хүнийг эгнээндээ нэгтгэсэн хамгийн олон гишүүнчлэлтэй байгууллага. Коронавирусын халдварын дэгдэлттэй энэ үед Д.Гантөгс нийгэмдээ гэрэл түгээж явна. Цар тахлын үед сэтгэл зүйгээ хэрхэн удирдах, халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, амьдралын ямар дадал хэвшлийг бий болгох вэ гэдэг үзүүштэй нэвтрүүлгийг хөтөлж, зөвлөгөө өгдөг нь хүмүүсийн хамгийн үзэх дуртай нэвтрүүлэг болжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Норендра Модигийн айлчлалын үеэр 10000 иогч, иог сонирхогчдын уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь айлчлалын нэг томоохон онцлох үйл явдал болсныг одоо ч мэдэх нэг нь мэднэ.
Хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн хамгааллын талаар шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь дуу хоолой, оролцоо нэн чухал. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, төрийн ямар халамж, анхаарал, ямар бодлого, шийдвэр шаардлагатай байгааг тэр сайн мэднэ. Эмэгтэйчүүдийн жаргал зовлон, бэрхшээлийг тэр сайн мэднэ. Төрийн шийдвэрт ч тусгуулж чадна. Нийгэмдээ гэрэл гэгээ түгээж чадна. Нөгөө талаар нутагтаа нэр дэвшсэн багийнхантайгаа гар нийлж ажиллахын зэрэгцээ намын даргынхаа шударга ёсны тэмцэлд ч нэг баг болж ажиллах нэр дэвшигч.