Х.Булгантуяа: Баянзүрх дүүргийг орон сууцжуулах бүрэн боломжтой
Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Сангийн Дэд сайд Х.Булгантуяа, нэр дэвшигч Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан, нэр дэвшигч Гавьяат эмч Ж.Чинбүрэн нар тойрогтоо сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна. Улс орон даяар цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учраас хүн олноор цуглуулах гэхээс илүү иргэд, сонгогчидтой автобусны буудал, гудамжинд ганц нэгээр нь уулзан плакат, сэтгүүлээ тараав. Сонгогчид ч талархан хүлээн авч, илүү олон ажил хийлгэхийн тулд багаар нь сонгоно гэдгээ хэлж байсан юм. Өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсны дараа хамгийн анхны уулзалтаа дүүргийн намын төв штабт цөөхөн хүнтэй уулзаж эхлүүлсэн бол өнөөдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу “Хонхор” өртөөнөөс эхлэв. Биднийг очиход хорооны иргэд хэдийнэ суудлаа эзэлж, Улсын онцгой комиссоос баталсан дүрмийн дагуу хоорондоо хоёр метрийн зайтай сууж, тус бүртээ амны хаалт зүүж, гараа ариутгажээ. Арваннэгдүгээр хороонд тулгамдсан олон асуудал бий. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмжгүйгээс эхлээд улстөржилт, намчирхал туйлдуулж буйг хүн бүхэн хэлж байв. Тиймдээ ч МАН-ын дарга У.Хүрэлсүх Баянзүрх дүүрэгт өсөж хүмүүжсэн, дүүргийнхээ эдийн засаг, санхүүгийн тулгамдсан асуудлыг шийдэх, гадны олон төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалт татаж чадах чадвартай эдийн засагч, санхүүч Х.Булгантуяа, дүүргийнхээ зовлон жаргалыг сайн мэдэх, намын хорооны дарга Э.Бат-Амгалан, эрүүл мэндийн асуудлаа сайн мэдэх Гавьяат эмч Ж.Чинбүрэн нарыг баг болгон илгээжээ. Мөн энэ үеэр иргэд цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэл, түүнээс хэрхэн гарах вэ гэдгийг нэр дэвшигч Х.Булгантуяагаас онцлон асууж, утааны эсрэг үр дүнгүй зарцуулсан олон тэрбумыг дүүргийн хөгжил дэвшлийн төлөө зарцуулах талаас ажиллаарай хэмээн хүсэв.
“Ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмж чадсан”
Нэр дэвшигч Сангийн Дэд сайд Х.Булгантуяа иргэдтэй уулзах үедээ “Цар тахлын хөл хорионы үед халдвар, хамгааллын дэглэмээ сайтар барьсан та бүхнийг хараад бахархаж байна. Дэлхий биднийг дотооддоо халдвар алдаагүй цор ганц улс хэмээн нэрлэж, олон улсын хэвлэлүүд магтаж байна. Гэвч энэ бүхний дараа амаргүй цаг үе ирнэ. Та бүхэнд худлаа яриад яах билээ. Эдийн засаг буурч, ажил орлого тасалдаж, олон ч ажлын байр байхгүй боллоо. Төсвийн орлого ч амаргүй байна. Иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг үү, эдийн засгаа юу гэсэн амаргүй сорилтын өмнө ч тулгарч мэднэ. Энэ өвчин хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй байна. Улс орон бүхэн хувиа хичээсэн, аргацаасан систем рүү явлаа. Монгол Улс ирэх дөрвөн жилд 2.9 тэрбум ам.долларын өр төлнө. Нэг жилийн бүх орлогоос илүү давсан өр зээлийг бид төлнө гэсэн үг.
Монгол Улсыг хүнд хэцүү байгаа гээд өр зээлээ авахгүй гэх улс байхгүй. Тиймээс ирэх жилүүдэд эдийн засгийн хямралаас гаргахын тулд хичээн ажиллах болно. Өнгөрсөн хугацаанд бид 8.5 их наяд төгрөг өрөндөө төллөө. Энэ мэдээж амаргүй байлаа. Гэхдээ эдийн засгийн зөв тооцоолол хийж ажилласны үр дүнд ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмлээ. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин ч нэмэгдлээ” гэв. МАН-ын тухайд энэ жил тун ч зоримог мөрийн хөтөлбөр боловсруулжээ. Тэр тусмаа хүн ам олон Баянзүрх дүүргийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг хямд үнэтэй орон сууцаар хангах бодлогоо үргэлжлүүлнэ гэдгийг нэр дэвшигч Х.Булгантуяа эдийн засгийн тооцоо, судалгаа, бодит тоо баримттай ярьсан нь олон хүний талархлыг хүлээв. Тухайлбал, хүн амын дийлэнх хувь нь амьдардаг Сонгинохайрхан дүүрэг улстөржилтгүй, багаараа хамтран ажилласны үр дүнд зам, дэд бүтэц, цэцэрлэг, сургуулийнхаа хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж чаджээ. Мөн Чингэлтэй дүүрэгт ч МАН-ынхан багаараа ажиллаж, дэд бүтэц, халуун, хүйтэн усны асуудлыг нь шийдэж чадсанаар олон айлыг яндангаас нь салгаж, эзэмшил газартаа, өөрийн барьсан байшиндаа халуун, хүйтэн устай амьдарч байгааг жишээ болгон дурдаж, хүүхэд насаа өнгөрүүлсэн Баянзүрх дүүрэгт энэ мэт сайн туршлагыг багаараа хийхийг хүсч байна гэдгээ хэлсэн юм. Мөн 20, 30 жил яриад ч шийдэж чадаагүй, байгуулсан сангийнх нь албан тушаалтнууд авлига, албан тушаалын хэргээр ял эдлээд алга болсон утааны асуудлыг хоёрхон жилийн дотор шийдэж, анх удаа өвлийн цэлмэг тэнгэр харсан нь бодит ажил мөн гэдгийг хорооны иргэн хоёр гараа өргөн хүлээн зөвшөөрөв. Нөгөөтээгүүр, Налайхын автозам шиг Дарханы замаа барих, Төв цэвэрлэх байгууламжаа барьж дуусгах, Нефтийн үйлдвэрээ барих зэргээр олон ажил хүлээж буй учраас үүнийг дуусгахын тулд намын дарга У.Хүрэлсүхийн илгээсэн биднийг багийг дэмжээрэй хэмээн иргэдийг уриалав.
Уулзалтын үеэр хорооны иргэд тулгамдсан асуудлаа хөндөж, мөн хүчээ нэгтгэсэн гурван залууг ах дүү, анд нөхөд, ангийн найзууд, аав, ээжтэйгээ хамт дэмжинэ хэмээв. Хорооны иргэдийн төлөөллийн үгийг хүргэе.
Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэн Д.Пүрэвдагва:
-Х.Булгантуяа нэр дэвшигч төрийн чухал албан тушаал хашиж байгаа, тооцоо судалгаатай ярьдаг, тооны мэдлэгтэй хүүхэд байна. Мөн гавьяат эмч Ж.Чинбүрэн бол ард түмний эрүүл мэндийн төлөө олон зүйл хийсэн хүн. Манай дүүргийн МАН-ын хороог удирдаж байгаа залуу ч дүүргийн иргэдийн зовлон жаргалыг мэддэг хүн. Ийм гурван залуу дэвшиж байгаад олзуурхаж байна. Та бүхэн маш сайн ажиллах хэрэгтэй шүү. Эрх чөлөөтэй ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаарай. Х.Булгантуяа дүүдээ зориуд хэлж, сануулъя. Ууж идээд байгаа тэр сангийн мөнгийг сайтар нягталж, ард түмний сайн сайхны төлөө зарцуулаарай.
Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэн П.Дашхүү:
-Ж.Чинбүрэн эмчид талархлаа. Та бүхэнд бүгдэд нь баярлалаа. Амжилт гаргаж, ард олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаарай. Сайн сайхан амьдралын төлөө танай залуус ажиллаж чадна гэж итгэж байна. Би та бүхний төлөө, ах дүүгээрээ саналаа өгнө.
Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэн Д.Гомбосүрэн:
-Нэр дэвшигчид та бүхэн “Эмийн ургамал” гэж газарт очиж үзээч. Тэнд түргэний машин очсон ч эргэж гарч чадахгүй нөхцөл байдалтай байна. Усны тэргээр хүнээ авч гарч ирж байна шүү дээ. Үүний төлөө би явсан ч хороон дарга зөвшөөрөөгүй. Энэ асуудлыг газар дээр нь очиж танилцаж өгөөч гэж хүсье. Усны түргээ түрээд усаа авдаг болмоор байна. Найман жил газрын асуудлаа шийдэж чадаагүй иргэд энд амьдарч байна. Гэтэл араар нь газар олгоод эхэлчихэж. Энэ мэт маш олон тулгамдсан асуудал байгаа учраас шийдэж өгөөсэй гэж хүсье.
Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэн Д.Шагдар:
-Баянзүрх дүүрэгт ерөнхийдөө ажил зогссон. Улстөржилт хэрээс хэтэрлээ. Амин хувийн асуудлаар ханддаг газарт та бүхэн нэр дэвшлээ. Гэр хорооллын иргэд мартагдаж, хатуухан хэлэхэд шийтгүүлж байна. Та бүхэн бодит байдлыг заавал хараарай. Айлуудын газрын асуудлаар би олон жил явлаа. Гэвч дүүргийнх нь газрын албаны ажилтнууд халагдаж, солигдсон гэх мэтээр анхаардаггүй. Би энэ ажлыг аваад одоо л эхэлж байна, таны асуудлыг шийдэж өгнө гэсэн бөөрөнхий хариулт өгөөд алга болдог. Энэ асуудалд та гурав анхаарлаа хандуулж өгөхийг хүсье.
Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв.