Нэр дэвшигч Х.Булгантуяа: Багаараа Баянзүрх дүүрэгт өөрчлөх, шинэчлэх ажлуудыг хийнэ
Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигчид өнөөдөр Намын дарга У.Хүрэлсүхээс албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Морин цагт Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийсэн албан ёсны үйл ажиллагааны нээлтийг МАН-ын дарга У.Хүрэлсүх нээж, монгол түмэндээ хандан үг хэлсэн юм. Тэрбээр, “Туурга тусгаар төр улсынхаа төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа сонгон байгуулах гэж байна. Миний бие одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байхдаа зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байна. Шударга ёсны төлөө тэмцэгч Ерөнхий сайд байх болно. Би улсынхаа эдийн засгийг, улс үндэстнээ хөгжил дэвшилд хөтөлсөн Ерөнхий сайд болно гэдгээ хэлж байсан. Тэр зорилгоосоо нэг ч алхам ухралгүй, бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллалаа” гэсэн юм. Улмаар, их өсөлтийг авчирсан энэхүү амжилтаа ирэх жилүүдэд илүү томоор бүтээхийн төлөө багаараа хүчээ нэгтгэн ажиллана гэдгээ онцоллоо.
Энэ үеэр Улсын Их Хурлын 23 дугаар тойрогт Баянзүрх дүүргээс нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа нэр дэвшигчийн үнэмлэхээ Намын дарга У.Хүрэлсүхээс гардаж авлаа. Х.Булгантуяа хэлэхдээ “2020 оны Улсын Их Хурлын сонгуульд МАН хүн амын дийлэнх хувь нь оршин сууж буй Улаанбаатар хот руу чиглэсэн маш зоримог мөрийн хөтөлбөр боловсруулсан. Намын дарга ч намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг, хамт олноо сонгож авахдаа онцгойлон анхаарлаа. Манай тойрогт гэхэд НИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байсан, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, Сангийн сайд Х.Булгантуяа миний бие баг болон нэр дэвшиж байна. Өнгөрсөн дөрвөн жилд Сангийн Дэд сайдын хувьд төсөв санхүүг хэрхэн яаж хуваарилах, эдийн засгаа сэргээх боломж нөхцөл, ажлын байр яаж нэмэгдүүлэх вэ зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллалаа.
Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчийн хувьд олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Манай дүүрэгт өөрчлөх, шинэчлэх, хийх ажил маш их байна. Миний эмээ, өвөө Баянзүрх дүүрэгт 20 гаруй жил амьдарсан. Би ч энд бага насаа өнгөрүүлсэн учраас дүүргийнхээ зовлон, жаргал, асуудлуудыг сайн мэднэ.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт мэдлэг, чадвартай хүмүүс баг болж, нэр дэвшиж байгаа. Манай нам дүүргийн бүх шатанд баг болон хамтран ажиллаж чадвал хүн ам ихтэй Баянзүрх дүүргийн тулгамдсан олон асуудлыг шийдэх бүрэн боломжтой” хэмээлээ. Нэр дэвшигч Х.Булгантуяагийн хувьд гадны хоёр ч томоохон сургуульд бакалавр, магистрын зэрэг хамгаалсан мэргэжлийн эдийн засагч. Тэрбээр, өнгөрсөн дөрвөн жилд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн чухал яам болох Сангийн яаманд Дэд сайдаар ажиллаж төсвийн үргүй зардлыг багасгах, тодотголгүй төсөв батлах, мөн Монгол Улсын гадаадад төлөх ёстой өр, бондын эргэн төлөлтөд анхаарч, салбартай манлайлж, санаачилгатай ажиллаж чадсан мэргэжлийн эдийн засагч юм.
Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв.