Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна
Нийтэлсэн: 2019-10-07 07:49:48


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Баянзүрхийн шинэ гүүрийн ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. Энэ гүүр нь 281 м урттай, 21 м өргөнтэй, хоёр талдаа явган болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөний дагуу ажил хийгдэж байна. Маргаашнаас асфальтан хучилт эхэлнэ” гэсэн мэдээллийг өгөв.

Хотын Захирагчийн зүгээс гүүрийн ажлыг төлөвлөсөн хугацаанд чанар стандартын дагуу аюулгүй байдлыг бүрэн хангасан хийж гүйцэтгэхийг анхааруулж, холбогдох албан тушаалтнуудыг энэ талд анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм.

Баянзүрхийн гүүрийг Монголд анх удаагаа дам нуруу нь үргэлжилсэн цутгалттай, төмөрбетон хийцээр барьж байгаа аж. Шинэ гүүрийн хөдөлгөөнийг Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын нээлттэй зэрэгцэн нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү гүүрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах өндөр ач холбогдолтой юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
