ВИДЕО: Б.Содномдаржааг эрүүдэн шүүж буй бичлэг
Нийтэлсэн: 2019-06-05 01:57:57
Тэгвэл өчигдөр /2019.06.04/ МҮОНРТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүдийн хувиар оролцсон байна. Тэд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Түр хороо хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн төдийгүй хуулийн хүрээнд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой чухал гэж хэлж болохуйц баримтуудыг ч дэлгэсэн юм. Хамгийн гол нь, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байгаа зургаан өдрийн 27 минут 8 секундын бичлэгээс тодорхой хэсгийг эфирээр цацлаа. ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Тэрхүү бичлэгийн 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гарах бол үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа хэсэг гардаг.Бичлэгийг Төв аймаг дахь хорих ангийн ашиглалтаас гарсан доод давхрын хонгилд өнгөрсөн 2015 оны есдүгээр сард хийсэн байна. Өөрөөр хэлбэл, дүрс бичлэгт гарч байгаагаар бол Б.Содномдаржааг 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд буюу бүтэн зургаан өдөр тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа дүр зураг гардаг. Харин Т.Чимгээг тухайн оны есдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө ойролцоогоор 40 орчим минут дарамталж, хэргээ хүлээхийг тулгаж байгаа нь дүрс бичлэгт үлджээ.
