ЖДҮХС-аас зээл авсан Ж.Энхбаяр гишүүн залуусыг ЗЭЭЛЭЭС АЙХГҮЙ байхыг уриалав
.jpg)
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын 100 хувь эзэмшдэг “Газар Буудай” ХХК ЖДҮХС-гаас өнгөрөгч 2018 онд 950 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон билээ. Түүний хувьд ЖДҮХ сангаас зээл авсан нь ил болонгуут өрөө дарж, уучлалт гуйж бяцхан шоу хийсэн хэмээн багагүй шүүмжлэгдсэн. Хэрэв олон нийтэд энэ мэдээлэл хүрээгүй бол эрхэм гишүүн шоу хийж, шударга ёсны дүрд тоглохгүй байсан ч гэгддэг. Түүнээс биш уг асуудалд өнөөг хүртэл албан ёсны тодорхой байр сууриа илэрхийлээгүй ирсэн. Харин өчигдөр сэтгүүлчдэд тайлбар өгөх үеэрээ “залуусыг зээл авахаас айхгүй байхыг уриалсан нь” олны анхаарлыг татсан юм.
Тэрээр хэлэхдээ, “Би бол хариуцлагатай зээл авсан. Зээлийг хариуцлагатай төлдөг. Ажлын байр бий болгох гэж, улс орондоо татвар төлөх гэж, баялаг бүтээх гэж зээл авдаг. Ж.Энхбаяр гэдэг хүн жилд 300-400 сая төгрөг Хувь хүний орлогын албан татвар гэж улсдаа төлж байгаа. Монгол Улсын хамгийн шилдэг татвар төлөгч иргэн. Ж.Энхбаярын хувьцаат аж ахуйн нэгжүүд сүүлийн 20 жил тасралтгүй тэрбум төгрөгийн татвар төлж ирлээ. Үүнд хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Би олон олон ажлын байр бий болгож, орон нутагт шинэ үйл ажиллагаа нэвтрүүлж байна. Залуучуудаа зээл гэдгээс битгий ай. Зээл зорилготой байх ёстой. Зөв зүйл хийх ёстой, энэ бол муу зүйл биш шүү дээ. Зах зээлд хүн бүхэн зээлээр амьдарч байна” хэмээн ярьсан байна.
НУУЦ.мн
