Н.Энхбаяр: Намайг Эрүүгийн цагдаагаас Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар дуудсан, би очихгүй

МАХН–ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Н.Мөнхсайхан, Ж.Эрдэнжамъяан нар мэдээлэл хийлээ.
Н.Энхбаяр: Сүүлийн үед намынхаа дарга болон хувь хүнийхээ үүднээс үзэл бодлоо илэрхийлсэний төлөө янз бүрийн дарамт ирж байгаа талаар ард түмэндээ нээлттэй мэдээлэх гэж ирлээ. Бид ард түмнийхээ өмнө нээлттэй байдлаар мэдээлэл хийсээр ирсэн. Эрдэнэтийн 49 хувийн луйврын асуудлыг тодорхой баримттайгаар эзэнтэй нь ярьсанаас болж, тэр булхайд оролцсон хүмүүс эргээд худлаа гүжирдэж дайрах, эсвэл өөрсдийнхөө үнэн байсан мэтээр харагдуулахын тулд хууль шүүхийн байгууллагынхныг ашиглаж байна. Ийм учраас бид илчлэх нь зүйтэй. Урьд нь хууль шүүхийнхэн биднийг янз бүрээр хэлмэгдүүлж, нам руу дайрч байсан асуудал үргэлжилж байна уу гэх болгоомжлол байна.
2016 оны сонгуулийн санал хураах өдрийн өмнө манай сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ж.Эрдэнжамъяан “60 тэрбумын луйвар болж байна. Энэ талаар мэдээллийг бид олсон. Энэ талаар ард иргэддээ сэрэмжлүүлж задаллаа” гэсэн. Тэгэхэд 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболд өөрөө “Энэ бол ямар ч үндэслэлгүй. Энэ эвлүүлэг байсан” гээд хэлчихсэн. Сүүлд нь үнэнд гүйцэгдээд ирэхэд “Тэр нь үнэн, би сонссон” гэж хэлсэн.
Ингээд 60 тэрбумын хэрэг явсаар байгаад М.Энхболдын удирдлаган доор хэрэгжсэн гэдэг нь нийтэд ил болсон. Тэгээд хууль шүүхийнхэн 60 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүсийг дуудахын оронд Ж.Эрдэнэжамъяаныг дуудаж, олон шатны шүүхээр явуулсаар байгаад энэ хүнийг буруутай болгосон. “Ж.Эрдэнэжамъяан М.Энхболдоос уучлалт гуйх ёстой, торгууль төлөх ёстой” гэх шийтгэл авсан. Энэ бүхэн яг эсэргээр нь ажиллаж байна.
Эрдэнэтийн 49 хувийн луйвар боллоо гэдгийг тухайн үед Засгийн газрын шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, БХБС-аар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нар хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлсэн. Гэтэл Ч.Сайханбилэг “Үгүй, Монголдоо авчирч байгаа” гэж худлаа хэлээд л сууж байсан. Одоо үнэнд гүйцэгдээд ирж байна. Бид бүгд ойлгож байна шүү дээ. Гадаадын оффшор компанид бүртгэлтэй, гадаадад бүртгэлтэй компани л үүнийг луйвардсан байна. Луйварлахдаа төрийн өмчийг өөрийнх нь мөнгөөр хувьдаа авсан. Ийм муухай луйвар болсон байна гэдгийг тэр үед Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар хэлсэн. Харин өшөө авалт явагдаж, хууль шүүхээр Ч.Сайханбилэг, З.Баянсэлэнгэ нарын хоёулангийнх нь гарын үсэгтэй тогтоолоор З.Баянсэлэнгийг ялласан. Ч.Сайханбилэг буруугүй, З.Баянсэлэнгэ буруутай гээд ял өгч байх жишээтэй. Ч.Сайханбилэгийн гарын үсэг тэнд байгаад л байдаг. Өнөөдөр яг одоо Ц.Оюунбаатарын шүүх хурал болж байна. Ламбаа гэж сайдын гарын үсэг зурж гаргасан шийдвэрийг Ц.Оюунбаатарын буруу мэтээр ял өгөхөөр хуралдаж байна. Үнэнийг илчилсэн хүнийг шүүхээр буруутай гэж ял өгөх гээд суудаг, эсвэл шоронд хийж, эсвэл айлган сүрдүүлдэг ийм тогтолцоо өнөөдөр шударга бусын хонгилын гол шинж чанар болсон" гэв.
НУУЦ.мн
