Х.Тэмүүжин: Жаран тэрбумынхны идсэн хоолоо баасан баас нь ЖДҮ юм
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-ЖДҮ-ийн мөнгөнөөс үзэхэд УИХ-ын гишүүдээс мөнгө босгох биш, харин ч гишүүддээ мөнгө хуваарилаад байгаа юм биш үү?
-Нэр дэвшиж байгаа гишүүдээсээ мөнгө босгох биш, цаана нь, төрд байгаа албан тушаалыг худалдах замаар нам дээрээ их хэмжээний мөнгө босгоод, түүгээрээ сонгуульдсан байна л даа. Өмнө бол улс төрийн намууд УИХ-д дэвших нэр дэвшигчдээсээ мөнгө нэхэх замаар сонгуулийнхаа кампанийн мөнгийг босгох гэж оролддог байлаа шүү дээ. МАН харин арай өөр аргаар мөнгө босгож, хүмүүсээ сонгуульд гаргасан шинэ тохиолдол боллоо. Түүний үр дүн нь сонгуулийн дараа төрийн албанд гарсан маш том хөдөлгөөн. МАН-ынхан өөрсдөө ч хэлж байна лээ, олон нийт, судалгааны байгууллагууд ч хэлж байна. Сонгуулийн дараах төрийн албаны хөдөлгөөн, түүнээс улбаалсан маш их хэмжээний шүүхийн зарга, маргаан явлаа. 60 тэрбумынх шиг схемыг нам өөрөө зурж байсан тохиолдол урьд өмнө байгаагүй. Өмнө нь УИХ-ын гишүүн болсон нөхөд л хувийн санаачилгаараа “миний хүн”, “чиний хүн”, “миний сонгуульд ажилласан хүмүүсийг төрд оруулмаар байна” гэж дор бүрнээ, дов довон дээрээ төрд хүн шахах гэж оролддог байсан. Өнөөдрийнх шиг ийм өргөн хэмжээний том зохион байгуулалтад орж байгаагүй. Энэ удаа бол нам мөнгийг нь аваад, тендер зарлаад, шахааг нь хийгээд, авсан мөнгөөрөө УИХ-ын гишүүдээ гаргаж ирж.
Ний нуугүй хэлэхэд өмнө нь би 60 тэрбумын асуудлыг “хэн нэгний санаа төдий байх, бодит үйл хэрэг болоогүй байх” гэж боддог байсан. Одоо бол бодитой юм байна гэж итгэж байгаа. Яагаад бодитой гэж байгаа гэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүх гэдэг хүн “Ийм зүйл бодитой болсон учраас энэ хүнд хариуцлага тооцох ёстой” гээд өмнөх намын даргаа энэ үндэслэлээр албан тушаалаас нь буулгалаа. Худал хэлэх эрхгүй байх ёстой Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “Энэ үнээн. Би хажууд нь хараад сууж байсан. Шүүхэд гэрчээр дуудвал яваад очиход ч бэлэн” гэх шахуу барин тавин ярилаа. Тэр битгий хэл яг өнөөдрийн нөхцөлд хариуцлагатай алба хашиж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд МАН-ын бага хурал гэх нэрээр цуглаж суугаад “Энэ хүн хариуцлага хүлээх ёстой. Манай нам санхүүгийн ийм схем зурж УИХ-д 65 суудал авсан нь үнэн” гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө. Нам дотроо байгаа хүмүүс нь барин тавин хэлээд байхад хажуу, хөндлөнгөөс харж байгаа би эргэлзээд яахав дээ. Жаран тэрбум гэх яриаг сонссон хүн хариуцлага хүлээгээд бууж байгаа бол түүнийг нь гүйцэлдүүлсэн, хэрэгжүүлсэн хүмүүс ар араасаа хууль, шүүхийн байгууллагад очих байлгүй.
-М.Энхболд гуай тэр хүмүүсээ чирээд явж чадах болов уу?
-Мэдэхгүй. Ямартаа ч УИХ-ын даргын албан тушаалаасаа бууж байсан болон бууж байгаа хоёр хүн бол парламентат ёсны том сургамж юм даа. Тэр сургамж дээр суурилаад хэн УИХ-ын дарга байж болохгүй вэ гэдэг дээр хуульчид өөрсдийн хувийн байр сууриа илэрхийлж байгаа харагдана лээ. Буруу ч байр суурь биш байх.
-Хонгилын жинхэнэ эзэн нь хэн гэж?
-Энэ хонгилыг бүтээлгэсэн хүн нь Ерөнхийлөгчийн албан тушаал дээр байсан нөхөд. Дараачийн Ерөнхийлөгч нь өмнөх Ерөнхийлөгч нартайгаа ижил хэмжээний эрх мэдэлтэй, нөлөөтэй байхыг зүй ёсоор хүснэ шүү дээ. Хонгил нь нураагүй, бодитой байж байгаа тохиолдолд. Тийм учраас “Хонгилын эзэн сонгогдчихоод байхад хонгилын түлхүүр яахаараа өөр хүний гарт байдаг юм” гэдэг дургүйцэл нь ямар нэг байдлаар тэр түлхүүрийн сэжмээс атгачихсан хүнийг унагах гэж оролдоно. Энэ бол нуугаад байх зүйл биш.
-Тэгвэл Х.Баттулга гэдэг хүн У.Хүрэлсүхэд тусалсан биш, өөртөө тусалсан хэрэг байх нь ээ дээ. УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч анх өргөн барихад хүн болгон цочсон шүү дээ. Яахаараа МАН-ын даргын хүслийг АН-ын Ерөнхийлөгч гүйцэлдүүлдэг юм бэ? Бүр нам доторх зодоон дотор нь явж ороод...гээд?
-Энэ бол МАН доторх У.Хүрэлсүх, М.Энхболд гэдэг хоёр хүний зодоон гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр улс төрийн хүчний харьцаанд орсон өөрчлөлтийн үр дагавар. Ийм үйл явц тэртэй тэргүй болох нь тодорхой байсан. Хэн нь эхэлж галыг өрдөж, хэн нь эхэлж сэлмээ сугалах нь вэ гэдэг л сонин байсан болохоос биш. Тэгээд У.Хүрэлсүх гэдэг хүн 40 гишүүнтэйгээ хонгилын түлхүүрийг шинэ эзэнд нь атгуулах гээд үзчихлээ л дээ. Атгуулдаг дээрээ харин дахиад зодоон гарах нь уу, үгүй юу. Ямар ч байсан дараачийн алхам нь АТГ-ын даргыг өөрчлөх байх. Аягүй бол УЕП-ыг өөрчлөх байх.
-Л.Оюун-Эрдэнэ гишүүн М.Энхболд даргад хандаж хэлсэн санагдаж байна. Тэгж яривал та өөрөө Х.Баттулга гэдэг хүнийг захиалж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн биз дээ гэж?
-Бага хурал дээрээ тэгж хэлэх шиг болсон. Хэн нэгэн хүн хэн нэгнийг захиалсан гэдэг үгийг хар таамгаар хэлэх аюултай. Л.Оюун-Эрдэнэ бол их ноцтой гурван зүйл хэлсэн. Нэгдүгээрт, хонгилыг өрөгчид гэж хэлээд байдаг хуулийн байгууллагын толгой хүмүүс Сингапурт очиж “Дараачийн эзэн хэн байх вэ, бид яаж өөрсдийн албан тушаал дээрээ үлдэх вэ” гэх мэтчилэн Монголын ардчилал, иргэдийн сонголтоос гадуур төр барьж тоглох, наймаалцах явдал болсон гэдэг зүйл Л.Оюун-Эрдэнийн амнаас гарчих шиг болно лээ. Тэр нь үнэн бол тэнд хэн хэн сууж байсан, юу ярьсан гэдгийг ухаж ярих хэрэгтэй.
Хуулийн байгууллагын том дарга нар гэхээр хамгийн түрүүнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч орох байх, Ерөнхий прокурор нь орох байх, цагдаа, тагнуулын дарга, АТГ-ын дарга гээд нөхдүүд орох байх. Дээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга ч орж магад. Энэ зургаагаас өөр хуулийн байгууллага гэж цоллогдох институц байхгүй дээ. Тиймээс энэ зургаан хүний Сингапур явсан билет энэ тэрийг шалгах хэрэг гарна. Үнэхээр үнэн үү гэдгийг нь.
Хоёрдугаарт, “ял аваад явах гэж байсан хүнийг та өршөөсөн шүү” гэдэг бол маш ноцтой үг. МАН-ын даргад яахаараа шүүхээс гадуур хэн нэгнийг өршөөх эрх байдаг билээ? Шүүх эрх мэдэл гагцхүү шүүхэд хадгалагдах Үндсэн хуулийн зарчимтай атал яагаад МАН-ын дарга шүүхийн шийдвэр яаж гарахыг мэдэж, хэнийг ялаас мултлахыг зааж байгаа юм бэ. Нэг бол УЕП, үгүй бол УДШ-ийн ерөнхий шүүгч гэдэг хоёр нөхрийн асуудал хөндөгдөнө. Нөгөө талаар “ял авах гэж байсан” гэдэг чинь угаасаа гэмт хэрэг үйлдсэн хүний тухай яриа. Тэгэхээр хэнийг гэмт хэрэгтэн гэж үзээд байна? Энэ бол их ноцтой үг.
Гуравдугаарт “ялаас өршөөгөөд өрсөлдөгчөө захиалсан шүү” гэхээр АН-ын нэр дэвшигчийг яагаад МАН-ын дарга мэддэг болчихов оо? МАН шиг дарга нь бүхнийг шийддэг нам АН биш. Нэг хүний нам байсан бол даргад нь захиалга өгөөд шийдэж болох байсан байх. Гэтэл АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахын тулд сунгаа хийж, бүх гишүүдийнхээ саналаар шийдэлд хүрсэн. Жишээ нь би хувьдаа Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг нэр дэвшүүлэхийг дэмжээгүй. Гэхдээ л АН-ын олонхи сонгоод гаргаад ирсэн. Өөр нэг намын даргын захиалгад орох нь байтугай дотроо байгаа бүлэг хэсгийн сонголтоос давсан олонхийн шийдвэрээр Х.Баттулга гэдэг нэр дэвшигчийг гаргаж ирсэн. Тэгэхээр яахаараа Х.Баттулга гэдэг хүнийг М.Энхболд гэдэг хүн захиалсан байх вэ?
-ЖДҮ-гийн 950 сая төгрөг яг юуны төлбөр юм бэ? Эхлээд бид “аан тойрогтоо зарцуулсан сонгуулийн мөнгөө буцааж авч байна” гэж харсан чинь сүүлдээ тал нь авсан, тал нь аваагүй болоод, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулсны төлбөр ч юм шиг болчихлоо?
-Нэг зүйлийг бид сайн ойлгох ёстой. 60 тэрбумын схемийн илэрч байгаа үр дагавар нь энэ ЖДҮ-ийн зээлээс хулгайлсан хулгай. Тиймээс 60 тэрбум, ЖДҮ хоёрыг ялгаж салгах учиргүй. Нэг л эмгэнэлт, инээдмийн жүжиг тоглоод байна шүү дээ. Нэг хэсэг нь 60 тэрбумынх болоод, нөгөө нь ЖДҮ болоод, хэн ялсан нь шударга, ялагдсан нь шударга бус болох гээд. Хэрвээ МАН 2016 оны сонгуулиар 65 суудал аваагүй бол ЖДҮ-ийн зээлээс хулгайлах боломж олдохгүй. Хэтэрхий их хүчтэй олонхи болсон хүмүүс өөр өөрсдийгөө тэжээх, өөрсдийнхөө гаргасан зардлыг олохын тулд хамгийн түрүүнд төр тонох ажилд орсон. Тэд эхлээд ЖДҮХС-гийн зээл олгох журмыг өөрчилсөн байна. Сангаас зээл авахаар төсөл нь шалгарчихсан 300 гаруй аж ахуйн нэгж санхүүжилтээ хүлээж байхад журмыг нь өөрчилж, тэр хүмүүсийг жагсаалтаас хасч байгаад өөрсдийнхөө хамааралтай 120 орчим аж ахуйн нэгжийн жагсаалтыг оруулж ирээд зээл авчихсан. 2016 он хүртэл ЖДҮ-ийн зээлийн санхүүжилт жилдээ арав хүрэхгүй тэрбум төгрөг байсан байдаг. Гэтэл 2017 онд 30 гаран тэрбум, 2018 онд 90 давсан тэрбум болгоод, хэд нугалаад гаргаад идчихэж. Энэ их мөнгийг зүгээр л зохион байгуулалттай хулгай хийх зорилгоор төсвөөс гаргасан байхгүй юу. Журмаа ч, хуулиа ч өөрчлөөд авцгаасан. Сангаас ийм хэмжээний мөнгө авах санаачлага ганц У.Хүрэлсүхийнх биш шүү. Өмнөх Засгийн газрын үед журмаа өөрчлөөд, эвтэй найртай хувааж авахаар болсон байдаг юм.
-Эвтэй найртай хуваасан гэдэг баримт нь байна уу?
-2017 онд Засгийн газар солигдсоноос хойш ердөө хэдхэн хоногийн дараа шинэ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Байнгын хорооны хуралдаан дээр “ЖДҮ-ийн зээл гээд 92 тэрбум төгрөг тавьчихсан байна. Гишүүдийн гэсэн тодотголтой мөнгө байна. Энэ мөнгөө хэдүүлээ больё. Төрийн албан хаагчдад өгөх 300 мянган төгрөг буюу нийт 50 гаран тэрбум төгрөг бидэнд хэрэгтэй байна” гээд нам дотроо тохирсон зүйлийг эвдсэн санал байнгын хороон дээр гаргаж ярьсан. Тэгэнгүүт нөгөөдүүл нь “болохгүй юм ил гараад яригдаад байна” гэдэг байдлаар бүлэг дээрээ ярилцахаар буцаасан. Тэгээд бүлэг дээрээ ойлголцсон юм байгаа биз, 2018 оны төсөв дээр ЖДҮ-ийн зээл гээд тодорхой мөнгө суулгасан. Тэр суулгасан мөнгөө өмнөх Засгийн газраа огцруулж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн хүмүүст шагнал байдлаар хуваарилж өгсөн байна.
-950 саяыг зүгээр банкинд жилийн 15 хувийн хүүтэй хийхэд л сардаа 9,5 саяын хүү авч байна лээ шүү дээ. ББСБ руу хийчихвэл бүр нисч өгөх юм байна?
-Тэгээд тэд дээр нь Монголын хамгийн том том обектуудын хувьчлаад авчихсан, зөвхөн түрээсээрээ яаж амьдардаг билээ. Гэтэл бизнес хийх гээд хүнд дээрэмдүүлээд түрээсээ төлж чадахгүй, эцэстээ бизнесээ хаагаад дуусч байгаа хүмүүс өчнөөн байна. Яахаараа АН-ын төлөөлөл ЖДҮ хулгайчдыг өмөөрөөд, авлигыг нь хамгаалаад, нөгөө хүү, түрээстээ бариулаад бизнесээ алдаж байгаа иргэдийг хулгайчтай нийлээд дэвслээд байгаа юм бэ. Энэ бол АН-ын үзэл баримтлалын суурь луу дайрч байгаа үйлдэл. Ийм зүйлийн дэргэд дуугүй зогсч болохгүй. Дундаж ангийг үүсгэх гээд оролдож байхад дундаж ангид очих ёстой ЖДҮ-ийн зээлийг хулгайлж авангуутаа ББСБ-аараа буцаагаад хүүлээд сууж байгаа хүн хэрхэвч хууль тогтоогч байх ёсгүй. Гэмт хэрэгтэн байхгүй юу, ачигдах газраа ачигдаад явах ёстой. Гэтэл эсрэгээрээ баатар болчихсон, “бид 60 тэрбумыг дарсан, одоо ЖДҮ энэ тэрээ боль” гээд, Чингис хаан есөн удаагийн ял хэлтрүүллээ гэдэг шиг юм яриад сууж байдаг.
-Ингэхэд “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд гэдэг хүн хэр зэрэг шударга хүн юм? Яагаад та тэр хүний өгсөн баримтыг тийм итгэлтэйгээр олон нийтийн сүлжээнд тавьсан юм?
-Ганц Т.Ганболд биш л дээ. Одоогоос дөрвөн жил гаруйн өмнөх хэрэг. Тухайн үед ийм гомдол барьж орж ирсэн, хүнээр дайгаад болон өөрөө биечлэн уулзсан 5-6 бизнес эрхлэгч байсан. Тэгдэг ингэдэг гэнээ гэж бусдын ярьсныг дамжуулсан нь бол зөндөө. “Бодитой ийм юм боллоо шүү” гэж орж ирсэн нь тэр хэд. Тэдний хамгийн том гомдол, бухимдаж ярьдаг зүйл нь “хүний эрх, хууль ёс ярьдаг, хувийн өмч, чөлөөт зах зээлийг хамгаална гэж итгүүлдэг АН-ын өнгөн дээр ардчилсан намын нэр бүхий лидерүүд албан тушаал дээр байж байхад хуулийн байгууллага бизнес эрхлэгчдийг тонон дээрэмдээд байна аа. МАН байхдаа авилгаа л нэхдэг байсан. Тэд бизнес дэрээмддэггүй, компани авдаггүй байсан. Гэтэл танай намын өнгөн дээр хуулийн толгойд байгаа албан тушаалтнууд бизнесийг дээрэмддэг боллоо, лиценз дээрэмддэг боллоо” гэсэн. Тэдний нэг нь Т.Ганболд. Би бүгдтэй нь л энэ гомдол саналыг хуулийн байгууллагаар яаж шийдүүлэх вэ гэж ярилцаж байсан. Харамсалтай нь тэр дээрэмчид чинь тэр хуулийн байгууллагын толгойд байна. Хууль зүйн боломж бидний эсрэг байна гэцгээдэг.
-Яагаад?
-Хүн ер нь 60 өдөр хоригдоод, нийгмээс тусгаарлагдаад, айдас хүйдэст автаад, ар гэрийн мэдээлэл хомс, хайртай хүмүүс нь зовж шаналаад ирэхээрээ мөнгө өгч байгаад ч болтугай эндээс гарья, гадаа гарч байгаад учраа ольё гэдэг шийдэл рүү явдаг. Байгаагаа өгөөд л гарахыг боддог. Би тухайн цаг үед УИХ-ын чуулган дээр хэлж л байсан. “Наад хуулийн байгууллага чинь бизнес эрхлэгчдийг гахай болгох уу, үнээ болгох уу гэж байгаад тонодог болсон байна. Гахай гэдэг нь нэг удаа хагалаад томоохон мөнгө авахыг хэлж байна. Үнээ гэдэг нь байнга сааж, шимэгчилж амьдрахыг хэлж байна. Бүх том баялаг бүтээгчид чинь улстөрчдийн болоод тэдэнтэй хуйвалдсан хуулийн байгууллагын албан тушаалтнуудын үнээ болоод дууслаа. Дундаас дооших нь гахай болоод гэдсээ хагалуулаад хэвтэцгээж байна гэж. Мөнгөө төлөөд гарлаа, гарсан хойноо нөгөө хүнийнхээ эсрэг гомдол гаргах гэхээр тухайн үеийн Эрүүгийн хуулиар авилга өгсөн нь авсантайгаа адилхан ялтай байсан. Нөгөөх нь ч түүгээр нь айлгаж шантаажилдаг. Хууль миний гарт байхад чи хаачих юм гэж даапаалдаг.
Тиймээс тухайн үед надад хамгийн түрүүнд төрсөн зүйл бол авилга өгсөн талыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүйгээр энэ асуудлыг шийдэхгүй юм байна аа гэх бодол. Тонуулж дээрэмдүүлж байгаа бизнесүүд гомдоллож ярихаас биш хуулийн аргаар шийдүүлэх боломжгүй байлаа. Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Өршөөлийн хууль гаргаж, бизнес эрхлэгчдийн хуулийн байгууллагын гох дэгээнд өлгөгдөөд байгаа асуудлуудаас нь салгахгүй бол нэг гомдол гаргахад нь л өөр юмаар бариад гартаа оруулчихдаг явдал нь дуусахгүй юм байна. Тиймээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Өршөөлийн тухай хуулийг гаргая. Эрүүгийн хуулиар авлига өгсөн нь биш, авсан нь шийтгүүлдэг зохицуулалтыг хийе гэж зүтгэсэн. Тэдгээр хуулиудыг хэлэлцэж байх үед нэлээд ширүүн маргаан мэтгэлцээн болж байв.
-Т.Ганболд тан дээр яг юу гэж орж ирсэн бэ?
-Хамгийн анх 2014 оны өвөл над дээр ирсэн. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “давхар дээлний” хуулийг УИХ хэлэлцсэний дараахан шиг санаж байна. Тэр хуулийг хэлэлцэхэд их сонин юм болж байлаа. ТББХ-гоор орох гээд, өглөөхөн нь би С.Дэмбэрэл гишүүнтэй ярилцсан байсан. Давхар дээлний хууль үндсэндээ энэ Засгийн газрыг унагахад зориулагдаж байгаа учраас энэ удаадаа ийм хууль батлах нь зөв уу, буруу юу гээд. Гэтэл ТББХ орох болтол С.Дэмбэрэл гишүүн алга болчихсон. Яав, юу болов? гэсэн чинь “Хэцүү байна ш тээ” л гэдэг ганц үг хэлсэн.
-“Юу болсон бэ?”
-“Ганболд гээд дүүг маань Дарханд бариад хийчихсэн байна”.
-“Хэн хийсэн юм?”
-“Танай цагдаагийнхан”... Би гайхаад цагдаагийн удирдлага руу утасдаад асуусан чинь “Дээрээс чиглэлтэй” гэсэн.
-Уг нь бол та дээр нь сууж байгаа биз дээ, Хууль зүйн сайд гээд?
-Харин тийм. “Ямар дээрээс вэ?” гэсэн чинь шууд нэгдүгээр хүн лүү зааж байх. Үнэн юм уу, худлаа нэрийг нь барьсан уу, мэдэхгүй. Тэгээд л бөөн юм болоод бужигнасан. Давхар дээлний хууль УИХ дээр дэмжигдэлгүй унасан. “Тэгвэл давхар дээлгүйгээр энэ Засгийн газрыг хөдөлгөе. Дараачийн Ерөнхий сайд нь тэр байж магадгүй, та нар ингээч тэгээч” гэдэг зүйл ярьж эхэлсэн. “Тийм юм байхгүй ээ” гэнгүүт нөгөө Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн сайн ах болох тухай кино зохиол явсан шүү дээ. Цагдаагийн хоёр хурандаа холбогдсон. Тэр үед Т.Ганболд дахиад над дээр орж ирсэн. “Өөрийн чинь эсрэг ажиллагаа явуулаад байгаа хүмүүсийн цаана Д.Дорлигжав байгаа шүү дээ. Намайг дээрэмдсэн гээд байсан хүн чинь Дорлигжав байгаа юмаа” гээд ирсэн. “Би хүний амаар ярьсан үгээр ажил явуулахгүй ээ, чи баримтаа өгчих” гэсэн. Манай хүн баримт бол авчирч өгөөгүй. Д.Дорлигжав гэдэг хүнээс яаж салах вэ, УЕП дээр ийм хүн байгаа нөхцөлд энэ улс орон цаашаа явахгүй шүү гэдэг зүйл л ярьсан. Би дээрэмдүүлчихээд зүгээр сууж чадахгүй. Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана гээд гомдол гаргасныг санаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
2019.01.01. Б.СЭМҮҮН
энэ шалчигнасан хүн ажилаа хииж байхгүй хар тамхичин хүүхнийг бас сагсайдаж байсан байхаа