О.Баасанхүү: Гоё ороолттой гишүүн 120 саяын хахуулиа хаалгах гээд гэрээ бариад гүйж байгаа сурагтай

Одоогоос хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 13-ний өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэлээд хэдэн санг татан буулгахаар төлөвлөж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тодруулбал, ЖДҮХС-ийн зээлийг нэр бүхий гишүүд холбогдсонтой холбоотойгоор бусад тусгай сангуудын мөнгөний зарцуулалтад Сангийн яамнаас шалгалт оруулаад дууссан, удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болсон тухай дуулгасан юм. Үүнтэй холбогдуулан улс төрийнхөн өөр өөрийн байр суурийг их бага хэмжээгээр илэрхийлээд эхэлчихсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудаснаа “Засгийн газрын зарим санг хаах тухай сонслоо. Зөв байх. Гэхдээ мөнгийг нь төлүүлж байж хаагаарай. Нэг гоё ороолттой гишүүн 120 саяын хахуулиа хаалгах гээд гэрээ бариад гүйж байгаа сураг байсан шүү” хэмээн жиргэжээ.
ЖДҮХС-аас зээл авсан гэх 20 орчим гишүүний нэрийг хууль хяналтын байгууллагаас УИХ-д ирүүлсэн байдаг. Засгийн газрын мэдэлд байдаг бусад сангуудын мөнгөний зарцуулалтад улс төрийн ямар хүмүүс холбогдсон тухай нэрсийн дарааллын буухиаг О.Баасанхүүгийн жиргээ эхлүүлж байж болзошгүй аж.
NUUTS.mn
