ЦЕГ : Цэргийн албан хаагчид бие биедээ гар хүрсэн байдал гарсан
Нийтэлсэн: 2019-01-25 04:41:39
.jpg)
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр олны анхаарлыг татаад байгаа хэргүүдийн талаар албан ёсоор мэдээлэл хийлээ.
Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал "Дорноговь аймгийн Сайншанд сум Зүүнбаянгийн эмнэлэгт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч нас барсан байдалтай олдсон тухай мэдээллийг шалгаж байна. Энэ хэрэг дээр мөрдөгч хуулинд заасны дагуу цогцосны гаднах үзлэг хийн хамт байсан хүмүүсээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Өчигдрийн байдлаар цогцосны гаднах үзлэг ил харагдах гэмтэл шархгүй гэсэн мэдээлэл, хохирогчийн авсан зураг дээрх улайлт зөрүүтэй байгаа нь иргэдийн анхаарлыг татсан байна лээ. Үүнийг бид нягталж Дорноговь аймагт шалгагдаж байгаа хэргийн материалыг татаж авч үзсэн. Үүнд эргэлзээтэй асуудлууд байна. Яагаад өчигдөр гэмтэл шархгүй гэж мэдээлсэн талаар ер нь мөрдөгч нар хүний амь нас хохирсон хэрэг дээр хуулинд заасны дагуу цогцост үзлэг хийхдээ шинжээч мөн хүний эмчийг оролцуулах заалттай. Дорноговь аймгийн шинжээчийн оролцон цогцост хийсэн үзлэг дээр биедээ ил харагдах гэмтэл шархгүй гэж бичигдсэн байсан. Зурган дээр байгаа хүрэн улаан өнгийн толбо, зэргэлдээ байгаа зулгаралтууд гадны нөлөөтэй үгүйг нягталж бүрэлдэхүүнүүдтэйгээр шинжээч томилж дахин үзлэг хийхээр зохион байгуулалтыг арга хэмжээ авч байна.
Шалгалтын явцад цэргийн албан хаагчид бие биедээ гар хүрсэн байдал гарсан. Энэ нь үхэлд нөлөөлсөн үгүйг мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага тусгай мэдлэгийнхээ хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэлт гаргаж энэ шалгалтын ажиллагаа цаашаа явагдана. Ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа үйлдэл бий. Яг ямар үйлдэл хийж байгаа талаар шалгалт эхэлж байгаа учраас мэдээлэх боломжгүй. Тэр үйлдэл тухайн хохирогчийг үхэлд хүргэсэн үү гэдгийг бид комиссын бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилж гарсан дүгнэлтийн дараа болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нягталж та бүхэнд хэлнэ" хэмээн мэдээллээ. Мөрдөн байцаалтын нууцыг хадгалах үүргийг мөрдөгч хүлээдэг. Энэ явцад хавтаст хэрэгт авагдсан материалыг задруулсан асуудал дээр амь нас хохирсон цэргийн ахад хуулийн хариуцлага хүлээлгэх заалт байхгүй гэдгийг мөн нэмж хэлэв.
НУУЦ.мн
