Ажилд авна гээд ХУЛХИДСАН үйлдвэрээс “аймшигтайгаар” хариугаа авсан нь /сонирхолтой түүх/ ...
Нийтэлсэн: 2019-01-13 02:24:03
Reddit –д өшөө авалтын тухай сонирхолтой түүх олонтоо нийтлэгддэг. Тэдгээрийн нэг болох Шотландаас ханддаг WineRelatedThrowaway гэдэг хэрэглэгчийн пост олон хандалт авчээ. Түүний өгүүлсэнээр хэрэг явдал хэдэн жилийн өмнө Австралид болсон агаад тухайн үед дарсны үйлдвэрлэлийн чиглэлээр ажил хайж байснаас эхэлсэн гэнэ. Шотланд залуу дарсны үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг олон компанид анкетаа явуулснаас нэг үйлдвэр эргэж холбоо барьжээ. Уг үйлдвэрт орон нутаг хариуцсан борлуулалтын менежерийн орон тоо байгаа гэжээ. Ярицлага амжилттай болж залууг ажилд авахаар албан ёсоор мэдэгдсэн. Шинэ ажилдаа залуу ч нэлээд бэлджээ. Үйлдвэр өөр хотод байрладаг тул тэнд нь байр олж түрээслэжээ. Бараг бүх хадгаламжаараа ажилдаа унахаар машин худалдаж авсан гэнэ. Ажилд орох өдрөөс хэдэн хоногийн өмнө залуу үйлдвэртэйгээ танилцах хүсэлт гаргажээ. Гэсэн ч удирдлага нь эзгүй тул одоогоор боломжгүй гэсэн хариу өгсөн тул хугацаат өдрөө хүлээсэн. Ингээд тогтсон өдрөө ажилдаа орохоор очтол мөн л удирдлага нь өөр асуудлаар завгүй байгаа тул хэд хоногийн дараа ир гээд буцаажээ. Залуу үйлдвэрээс ярихыг хүлээсэн нэг нь ч залгасангүй. Эцэст нь тэсвэр алдран ярихад байдал шал өөрөөр эргэсэн байжээ.
-Хүний нөөцийн менежерийн ярианаас удирдлага нь намайг ажилд авах бодлоо өөрчилсөн болохыг олж мэдсэн. Тэрээр өөрийгөө хаацайлан миний төлөө захирлуудаа ятгасан ч үр дүнд хүрсэнгүй гэж тайлбарласан. Тэгээд ч би ердөө нэгхэн жилийн визтэй нь тэдэнд таалагдаагүй гэнэ. Би ажилд орвол визээ сунгуулах боломжтойгоо хэлсэн ч хүлээж авсангүй-
Өөрөөр ингэж тоглосонд маш уурласан залуу захиралтай нь шууд ярихаар шийджээ. Удтал залгасаны эцэст арай гэж холбогдсон байна.
-Гэтэл захирал нь бид нэг муу «помми» /австраличуудын Англиас ирэгсэдийг нэрлэдэг доромж үг/-г ажилд авмааргүй байна гээд л утсаа тасалсан. Ёстой өөдгүй новш нар. Асуудал визэнд биш, харин Их Британаас ирсэнд л байсан аж. Тэгээд ч би англи биш шотланд хүн байсаар атал шүү-
Залуу алданги суутгуулан байж байрны түрээсийн гэрээгээ цуцалж, машинаа авсан үнээсээ хямд заржээ. Ийнхүү үйлдвэр залуугийн хамаг итгэл, төлөвлөгөө бас мөнгөөр тогложээ. Гэсэн ч хариугаа авах боломж тун удалгүй гарсан гэнэ. Уг үйлдвэрт хулхидуулсаны дараа дарсны худалдааны нэгэн том сүлжээ дэлгүүрт нийлүүлэлт хариуцсан менежерээр ажилд орж чаджээ. Тэрээр долоон газраас дарс худалдан авах үүрэгтэйгээс нэг нь өнөөх «помми» нарт дургүй үйлдвэр байсан гэнэ. Ажил үүргийн дагуу хариуцсан газруудаасаа долоо хоног бүрт дарс худалдан авч сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлэх ёстой.
-Би ажилд орсон өдрөөсөө эхлээд л өнөө муу үйлдвэрийг нийлүүлэлтээс шууд хассан. Ажлаасаа гарах хүртлээ хасаж байсан тул тэднийхээс нэг ч лонх дарс худалдаж аваагүй. Дэлгүүрийн удирдлага удалгүй анзаарч тэр үйлдвэрээс авахгүй байгаагийн шалтгааныг асуухад нь би үнээ нэмсэн гэх мэтээр тайлбарлаж аргалсаар ирсэн. Үйлдвэрийнхэн ч сандарч над руу байнга ярьдаг болов. Харин би өөдөөс нь өмнөх нийлүүлсэн дарс чинь зарагдаж дуусаагүй байна гэж амыг нь тагладаг-
Залуу уг сүлжээ дэлгүүрт дөрвөн сар ажиллаад л өөр газарт оржээ. Гэхдээ энэ хооронд өөрөөр нь тоглосон үйлдвэрээс хариугаа хангалттай авсан гэнэ. Дөрвөн сарын дотор үйлдвэр 400 мянган австрали долларын борлуулалтаа алджээ.
НУУЦ.мн