М.Энхболд: Жагсаад байгаа Л.Болдод “Бодь” цамхагийн газрыг нь би өгсөн
.jpg)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: Сүүлийн үед ганцхан над руу дайрдаг улс төр хэрээс хэтэрсэн. Гэхдээ би аливаа төрт ажил хууль ёсны дагуу явна гэдэгт итгэж байгаа. УИХ-ын 40 гаруй гишүүн надаар чуулганыг удирдуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Би Төрийн байгуулалтын байнгын хороонд хүсэлтийг шилжүүлсэн ч хуулийн хүрээнд хүлээн авах боломжгүй гэсэн. Тиймээс ч Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төслүүд орж ирлээ гэж би хувьдаа харж байгаа. Ер нь хуулийн байгууллага улс төрөөс ангид байх ёстой. Ямар нэгэн хуулийн байгууллагын даргыг би шууд сонгосон зүйл байхгүй. Би 2007 онд УИХ-д нэр бүхий 49 ордыг стратегийн орд болгох саналаа тавьж байсан. Харамсалтай нь Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байх үед 15 орд нь дэмжсэн. Би Асгтаын мөнгөний ордыг стратегийн ордод оруулах саналыг оруулж байсан. “Эрдэнэт”-ийн асуудал байна. Би хоёр удаа ажлын хэсэг байгуулж, тодорхой шийдвэр гаргаж байсан. Засгийн газрын хийх ажил үлдсэн. Намайг хотын дарга байх үедээ газар ихээр зарсан гэдэг. Би олон арван хүнд бүтээн байгуулалт хийх газрыг нь өгч байсан. Одоо жагсаад явж байгаа Л.Болд гишүүнд би “Бодь” цамхагийн байр баригдсан газрыг нь өгч байсан. Л.Болд гишүүн худалдаж авсан юм уу. Энэ мэт яриад байвал асуудлууд бий. Би Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН: Би Ж.Мөнхбат гишүүний эхлүүлсэн УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ: Би энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. МАН одоо дотооддоо асуудлаа шийд л дээ. Парламент руу орж ирээд, асуудлаа нялзаагаад байх юм. Энэ асуудал дээр найзархах хэрэггүй. Бүх болохгүй асуудлаа ард түмэн рүү шидээд байдгаа болих хэрэгтэй. УИХ тарах нь зүйтэй. Олон нийт ч хүсч байгаа.
NUUTS.mn
