Хүүхдүүд нь өөрийх нь БИШ гэдгийг мэдсэн саятан жинхэнэ эцгийн тухай мэдээлэлд 5000 фунтын шагнал амлажээ
Нийтэлсэн: 2019-01-07 14:58:48
ДэйлиМэйл-д мэдээлснээр нэгэн гэр бүлийн түүх Их Британыг цочроогоод байна. Зах зээлийн судалгааны MoneySupermarket.com сайтыг үндэслэн байгуулагчдын нэг, 55 настай саятан Ричарда Мейсон нь одоогоос 12 жилийн өмнө гурван хүүтэй, халамжтай эхнэртэй, бизнес нь цэцэглэсэн гээд дутах зүйлгүй нэгэн байжээ. Өдгөө 51 настай экс эхнэр Кейт нь гурван хүү төрүүлсэнээс энэ жил том нь 23, хоёр бага болох ихэр нь 19 нас хүрчээ.
Саятнуудын жишгээр аз жаргалтай амьдрал нь удаан үргэлжилээгүй агаад 2006 онд албан ёсоор салсан. Шүүхийн шийдвэрээр саятан эр экс эхнэртээ дөрвөн сая фунт буюу бараг найман сая долларын нөхөн төлбөр төлсөн. Хэдийн салсан ч хөвгүүддээ маш их хайртай тул эцгийн үүргээ гүйцэтгэж санхүүгийн бүх талын туслалцаа үзүүлсээр иржээ. Гэтэл 2016 онд гайхалтай явдал болж экс эхнэр нь хамтын амьдралынхаа бүхий л туршид саятанг араар нь тавьж байснаа мэдэгджээ. Үүнд цочирдсон эр хөвгүүд өөрийх нь мөн эсэхэд эргэлзэж эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэжээ. Өөрөө ч эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ өгчээ. Гэтэл үр дүн нь саятанг дараа дараалан сэтгэл санаагаар унагаж бүхнийг орвонгоор нь эргүүлсэн байна. Шинжилгээгээр саятан нь "муковисцидоз" гэдэг эмгэгтэй гэж гарсан агаад энэхү өвчнөөр өвчилсөн эрчүүд нь хэдий бэлгийн амьдралтай ч үр тогтоох чадваргүй байдаг. Эцэст нь эцэг тогтоох шинжилгээгээр гурван хүү нь гурвуулаа 98 хувийн баталгаатайгаар саятны хүүхдүүд биш гэсэн хариу гарчээ. Галзууртлаа уурлаж бухимдсан саятан экс эхнэрээ залилангийн хэргээр шүүхэд өгч гэр бүл салахад авсан дөрвөн сая фунтээ буцаан нэхэмжилсэн. Шүүх хэргийг хэлэлцээд экс эхнэрийг нь эр нөхрөө араар тавьсан бурууг нь харгалзаж үзэж авсан мөнгөнөөсөө 250 мянган фунт буцаан төлөх шийдвэр гаргажээ. Эцэг тогтоох шинжилгээний дүн хөвгүүдийг нь ч цочролд оруулжээ. Саятны гомдоллосоноор гурван хүүхдийх нь хоёр нь холбоогоо бүрэн тасалсан гэнэ. Том хүү нь болон ихрийн өрөөсөн нь 20 жил өсгөсөн түүнээс урважээ. Харин ихрийн нөгөө өрөөсөн нь “хэрэг явдал яаж ч эргэсэн та үүрд миний аав хэвээрээ байх болно” гэсэн захидал илгээж сэтгэлийг нь бага ч гэсэн тайвшруулжээ.
Өдгөө саятан өмнөх амьдралаа ухаж төнхөн эхнэрийх нь нууц амраг буюу хөвгүүдийх нь жинхэнэ эцгийг эрэн хайж байна. Түүний таамаглалаар 1990 оны сүүлээр эхнэр Кейттэй дөрвөн жил нууцаар амрагласан эр хүүхдүүдийх нь биологийн эцэг байх магадлалтай гэнэ. Саятан эр тэрхүү нууцлаг нууц амрагийн талаар мэдээлэл өгсөн хүнд 5000 фунт буюу бараг 12 сая төгрөгийн шагнал амлаад байна.
NUUTS.mn