Ерөнхий сайдаа сөрсөн Б.Энхбаярыг дэд сайдаас чөлөөлжээ
.jpg)
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнийг Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл, аливаа асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ. Энэ сарын 19-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдсан МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох улс төрийн шийдвэрийг гаргасантай холбогдуулан тэрбээр үг хэлсэн. Тодруулбал, "Төрийн шийдвэрийг нам дээр гаргавал МАН татан буугдах ёстой" гэж Бага хурлын үеэр хэлжээ.
Мөн тэрбээр Бага хурлын үеэр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "ЖДҮХС-аас улс төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан нь албан тушаалын хэрэг. Улс төрд нөлөө бүхий этгээд оролцсон бол найм хүртэлх хорих ялтай хүнд гэмт хэрэгт тооцно. Эрүүгийн хуулиар албан тушаалын эрх нөлөөгөө ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох нь албан тушаал, авлигын гэмт хэрэг. Шалгагдаад ирэхээрээ шударга бусын хонгил яриад хэрэггүй. Хуулийн хонгилд очих хэрэгтэй. Шалгуулах хэрэгтэй. Шударга байх хэрэгтэй" гэж хэлсэн. Энэ мэт хэлсэн үг, мэдэгдэл нь түүнийг Ерөнхий сайдын бодлогоос сөрсөн гэх үндэслэлээр буруутгагдахад хүргэжээ.
НУУЦ.мн
