Индианчуудын аймшигт зүүд болсон Испаний байлдааны ноход ...
Нийтэлсэн: 2018-12-20 07:50:38
Шинэ тив буюу Америкт анхлан хөл тавьсан Испаний конкистадоруудын байлдан эзлэлтэд тулааны ноход галт зэвсэг, их буу, мориноос дутахгүй “гавьяа” байгуулжээ. Испанид тулааны нохдыг байлдаанд эртнээс ашигладаг байсан. Тулааны ноход нь мусульман, берберчууд, хар арьстны эсрэг байлдаж байжээ. Америкийг нээсэн Кристофер Колумб аялалдаа хэдэн арван байлдааны ноход авч явсан аж. Өдгөөгийн мастифийн өвөг болох байлдааны ноход нь бараг 80 кг татдаг, сэрвээгээрээ нэг метр хүрэх өндөртэй хүчирхэг амьтад байжээ. Хуягласан үедээ бүр аймшигтай харагддаг тул шинэ тивийнхэнд галт зэвсгээс дутуугүй аймшиг төрүүлсэн. Майя, ацтекүүд нь нохойг тулаан ан гөрөөнд бус харин хүнсний чиглэлээр өсгөж ирсэн. Индианы ноход нь арьс үсгүй, тарганы дээр хуцаж ч чаддаггүй байсан тул араа шүдээ ярзайлган чих дөжрөм хуцалдах байлдааны нохдыг хараад маш их айж сүрддэг байсан гэнэ. 1494 онд одоогийн Ямайк арал дээр тулааны ноход индианчуудын эсрэг тулаанд оржээ. Төмөр хуягтай, хурц араа шүд, хүчирхэг зуулттай мастифууд нүцгэн индианчуудыг ядах юмгүй барьж урж тасдсан. Энэ тулаанд ноход дангаараа 100 гаруй индиан дайчинг барьж хөнөөсөн гэдэг.
Үүнээс хойш ноход нь конкистадоруудад мориноос илүү шахам үнэлэгдэх болов. Ямайк болон Карибын арлыг эзлэх, индианчуудын бослогыг дарах мөрдөх хөөх зэрэгт ноход шилдэг байлдааны “зэвсэг” гэдгээ харуулсан. Америкийн эх газарт хүрсэн Эрнан Кортес ч байлдааны нохдын ангитай явжээ. Конкистардоруудын харгислалыг буруушаан зэмлэгч санваартан Бартоломе Де лас Касас нь 20 байлдааны нохой нэгхэн цагийн дотор 60 гаруй индианыг барьж тасчин хаяхыг нүдээр харсанаа бичсэн. Байлдан эзлэлт тэлж, индианчуудын эсэргүүцэл ширүүсэхийн хэрээр байлдааны нохойн үнэ өсөж эрэлт нэмэгджээ. Ламтаны баталсанаар нэг нохой нь 10 цэрэгтэй тэнцдэг байсан гэнэ. Нохдын эзэнд цалин өгч байлдааны олзноос хувь хүртээдэг болов. Байлдааны нохдыг ихэд анхаарч тусгайлан хооллодог байжээ. Алагдсан индианчуудын гуяны мах болон гарын хуруу нь нохойн тансаг хоолд тооцогддог. Бүр тулаанд “шалгарагсадыг” нярай хүүхдийн зөөлөн махаар хооллодог журам тогтсон. Алдарт конкистадор Хуан Понсе де Леоны ангийн Бесерильо буюу “Тугал” дуудлагат нохой хамгийн алдартай нь байжээ. Гэхдээ тэрээр байлдааны “алдараа” тун базаахгүй явдлаар төгсгөсөн. Өмнө нь индианчуудыг тасар татчиж өлгийтэй хүүхдийг хүртэл барьдаг байсан нохойгоо эзэн нь олзлогдсон эмэгтэй рүү тавьсан ч дайрсангүй эргэж хургажээ. Энэ явдалд гайхсан конкистадор нь “нэг муу нохой христ шүтлэгтнүүдээс илүү өрөвч, өр нимгэн байх ёсгүй” хэмээн индианчуудыг дур зоргоороо хөнөөхийг цэргүүддээ хориглосон гэдэг. Гэсэн ч тулаанд ноход ашигласаар байв. Найр наадам, зугаалга дээр золгүй индианчуудыг нохойгоор бариулах нь ихэд дэлгэрсэн зугаа байв.
Харин лам нар нь энэхүү харгис явдлыг эсэргүүцдэг, ялангуяа нохдыг хүний махаар хооллохыг ихэд буруушаадаг байжээ. Улмаар зэрлэг зугаа цэнгэлийг зогсоохоор Испаний хаанд гомдол гаргасан. 1592 онд уугуул иргэдийн эсрэг байлдааны ноход ашиглахыг хориглосон хааны зарлиг гарсан ч нэгэнт оройтсон байлаа. Энэ үед Ямайк, Карибын арлын индианчуудын 90 хувь, ацтекуудын 60 гаруй хувь нь нэгэнт устгагдсан байв.
НУУЦ.мн
INJENER NATSAGNYAMIIN IRLIIZ ZASAG ULS TORIIG GATSAAH ERSDELTEI