“Багануур илч”-ийн экс захирлыг авлагатай компаниудтай эвлэрч ХУВЬДАА байр, гарааш авсан гэжээ
Нийтэлсэн: 2018-12-17 00:48:09
.jpeg)
Өнгөрсөн хавар АТГ авилгал, албан тушаалын 44 хүнд холбогдох 34 хэргийг шүүхээр хэлэлцүүлэх саналтайгаар прокурорд шилжүүлсэнээ зарласан. Үүний нэг нь “Багануур” ХК-ийн охин компани болох "Багануур илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оны 5-р сарын 1-нээс 2017 оны 2-р сарын 20-ны хооронд ажиллаж байсан С.Батболд нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, тус компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсан тухай байсан. Ийнхүү “нүүрсний” Л.Гансүх нарын хэргийн дараа “Багануур” ХК ахин олон нийтийн анхаарлын төвд орсон. Гэхдээ С.Батболд захирлын тухайд компаний эд хөрөнгө завшсан явдал тогтоогдоогүй. Харин албаны эрх мэдлээ урвуулан, хувьдаа болон бусдад давуу байдал олгож өр авлага барагдуулах ажиллагааг нэлээд “бужигнуулсан” гэнэ. Болсон явдлыг эхнээс нь дурдахад авлага их хэмжээгээр бөөгнөрсөн тул барагдуулах үүргийг компаний ТУЗ-аас гүйцэтгэх захиралд өгчээ. Үүний дагуу нэр бүхий компаниудыг шүүхэд өгсөн ч эвлэрлийн гэрээ байгуулан уурхайд нэн шаардлагатай байдаг втулкыг өрөндөө авсан. “Монгол керамик” компаниас 55 ширхэг, “Эрэл” –ээс найм, “Онь тэнгэрийн бичиг” компаниас тав буюу нийт 68 ширхэг авчээ. “Багануур” ХК нь жилд 70 хүртэл тооны втулк хэрэглэдэг гэнэ. Дээрх втулкээс болж хэрэг явдал дэгдэн гүйцэтгэх захирал нь компанийхаа тооцооны нягтлан болон ерөнхий нягтлантай түнжин хагарчээ. Энэ тухай тооцооны нягтлан нь “...захирал сэлбэгнүүдийг нэр бүхий гурван компанид байсан гэж байна. Гэтэл тус компаниудад сэлбэг байгаагүй. Нэр бүхий компаниудаас авах ёстой авлагад өөрөө 2, 3 өрөө байр, граж зэрэг авсан байсан. Шүүхийн шатанд манай зүгээс өр, авлагаа авах гэж нэхэмжлэл гаргаад явж байхад дундаас нь компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. ТУЗ-ийн шийдвэр гараагүй байхад нэр бүхий компаниудаас авах ёстой байрнуудыг өөрөө авч зарчихаад, хямд үнээр сэлбэг оруулж ирсэн үйл явдал болсон. С.Батболд захирлыг ажилд авч байх үед 600 гаруй сая төгрөгийн өр, авлагийн асуудал “Багануур илч” ХХК-д байсан. “Багануур” ХК нь Орос улсаас орж ирсэн чанарын шаардлага хангасан сэлбэг авдаг. Гэтэл захирал хүргэнийхээ Хятадаас оруулж ирсэн чанаргүй втулкийг авахуулсан байдаг. Ерөнхий нягтлан бид хоёр удаа дараа авахгүй гэж эсэргүүцсэн. Тухайн сэлбэгийн авахын өмнө ч гэсэн санхүүгийн хэлтэсийн даргадаа “втулкийг ав, авахгүй бол ажлаас хална гэж дарамтлаад байна. яах вэ” гэж асуухад “халвал хална биз. Дараа нь шүүхэд энэ хэргийн талаар хандаж болно шүү дээ” гэж хэлж байсан. Энэ сэлбэгийг авахгүй гэж уурхайн зүгээс ч байр сууриа илэрхийлсэн. Байр, гарааш, дугуй авсан талаараа бидэнд хэлээгүй. Энэ талаараа хэлээд тухайн эд зүйлсийг зараад мөнгөө олж авъя гэсэн бол байдал өөр байх байсан. Тайлан гарах болчихоод байна, энийг яах вэ, орлогод авахгүй гэж хэлэхэд захирал “би бүх гарах асуудлыг өөрөө хариуцна” гэсэн бичиг хийж өгнө гэсэн. Энэ бичиг нь хавтас хэрэгт авагдсан...” гэжээ. Өдгөө хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна.
НУУЦ.мн
