Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
Нийтэлсэн: 2018-12-11 05:58:52
.jpg)
Зам, тээврийн хөгжлийн яамны байранд энэ оны наймдугаар сарын 9-ний ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдаж хохироосон болохыг тогтоосон билээ. Хэргийг шалгаж буй асуудлын талаар өнөөдөр хохирогчийн аав болон өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ. Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг:
-Миний бие хохирогчийн аав болох Р.Төмөрхуяг юм. Бид талийгаачийн 49 хоног дээр нь хэвлэлийн хурал хийж байсан. Манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд дахин хэвлэлийн хурал хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Хууль хяналтынхан үнэн зөв шийдэх байх гэж хоёр сар хүлээсэн. Гэтэл тийм биш юм. Эхэндээ шүүх хэргийг шалгаж авч, тодорхой нэмэлт байцаалт явуулаад сайн байсан. Гэтэл удаашрах тусам итгэл алдарлаа. Үнэн зөвөөр шүүж өгөхөөр байдал үүссэнгүй. Шүүх хяналтынхан бүрэн ажиллахгүй байна. Зарим нотлох баримт байхад тэрний араас явахгүй байна. Бидний сэтгэлд хүрэхгүй их богино хугацаанд бид нарт мэдэгдэхгүй шүүхэд шилжүүлэхээр болсон. Хэрэг үйлдэхэд хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Махбалын хэргийг анхны зүйл ангиар хөнгөн шийтгэх гэж байна. Бид нар хүүгээ албан тушаалын улмаас санаатай алдсан гэсэн байр суурин дээр хэвээрээ байгаа. Тэр мэдээллийг дэд сайд байсан Б.Цогтгэрэл ил болгосон.
Миний хүүгийн албан тушаалыг авах гэж санаатай алсан шүү дээ. Ер нь юм болгоныг нэг талд шийдэх гэж байна. Мөн цаанаас нь улс төрийн урт гар орж ирээд шийдэх гээд байгаа гэж хардах нөхцөл байдал үүссэн. Тийм учраас бид та нарт хандаж байгаа юм. Миний хүү бол хуульч хүн байсан. Би хүүгээ хуулийг гууль болгохгүй сайн ажиллаж байгаарай гэж их захидаг байсан. Миний хүүг хүмүүс их шударга, сайн хүн гэж хэлдэг байсан. Тийм ч учраас миний хүү эх орныхоо хөрсөн доор нойрсож байна. Би энэ хэргийг буруу шийдэх гэж байгааг дээш нь хүргэх гэж хичээж байгаа юм. Прокурор дээр хэргийн зүйл ангийг буулгаж, хөнгөн шийдэх гэж оролдож байгаа харагдаж байна. Миний хүүгийн хэрэг Засгийн газрыг огцруулах бас нэг зүйлд орж байсан. Ийм байж миний хүүгийн амиа алдсан хэргийг үнэн зөв шийдэж болохгүй юм байхдаа гэж бодож байгаа гэв.
-Хохирогчийн өмгөөлөгч н.Отгонбаатар:
-Найман сарын 9-н өдөр хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт нээсэн. Энэ хугацаанд прокурорын байгууллагаас зохих шийдвэрийг гаргасан. Дээрх шийдвэрт бидний зүгээс гомдол, хүсэлт гаргасан байгаа. Цаашид энэ хэрэгт хуулийн дагуу хуулийнханд гомдол гаргаад явна.
-Өмгөөлөгч З.Хүрэлсүх :
-Есөн сарын 28-ны өдөр хөндлөнгөөс хэвлэл мэдээлэл ашиглан хэрэгт нөлөөлөх гэж байгааг таслан зогсоох зорилгоор хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хэргийг шүүхийн шатанд шилжиж байгааг прокурорын өнөөдөр ярилцлагаас уншиж мэдлээ. Мөр зэрэгцээд хамтран ажиллаж байсан найзынхаа хэргийг үнэн зөв шийдэх гэж хичээж байна. Хэргийг зарим хариуг өгөөгүй байж шүүхэд шилжүүлж байгаа нь учир дутагдалтай байна.
Энэ хэрэг анхнаасаа нууц далд байдлаар үйлдэгдсэн юм байхгүй. Энэ хэргийг шалгаж байгаа хүмүүс зөв шийдэх юм бол ямар ч асуудалгүй. Харамсалтай нь мөрдөн шалгах ажиллагаа өнөөдөр дууссан. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан хэмээн хүсэлт гаргасан боловч, авч хэлэлцэхгүй хэргийг шүүхэд шилжүүлж байна. Энэ хэргийг дүүрэг болон Нийслэлийн прокурор давхар шалгасан. Прокурорын байгууллага үүрэгтээ хайнга хандаж байна гэдэг асуудал хөндөж байна. Ер нь бид нар энэ хэргийг ажил албан тушаалтай нь холбоотой хүнийг санаатай алсан байж болзошгүй хэмээн үзсэн байр суурьтай хэвээр байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа дуусахаар нь хүсэлт гаргахаар хүлээж авахгүй шууд шүүхэд шилжүүлж байна. Иймээс хохирогчийн эрхийг дахин хохироож байна гэж үзэж байна.
-Хэргийг ямар зүйл ангиар зүйчлэн шалгаж байгаа юм бэ. Хөнгөрүүлж байна гэж байна шүү дээ?
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1 зүйл ангиар үүсгэсэн. Шалгасан болоод хэргийг зүйл ангийг хөнгөрүүлээд яллах гэж байгаад үндэслэлгүй гээд байгаа юм.
-Б.Махбалтай хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн?
-Энэ хэрэгт Б.Махбалаас гадна хоёр хүн шалгагдаж байсан. Тэр хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар бидэнд бичгээр мэдэгдсэн. Тэр шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэргийг зүйчлэлийн талаар прокурорт хандаж шийдүүлэх боломжтой. Анхны зүйл ангиас нь хүндрүүлж, 10,2,5-т зааснаар зүйчлэн шийдвэрлэж өгөхийг хоёр удаа прокурорт хандаж хүсэлт гаргасан. Үүнийг хэлэлцэхгүйгээр шүүхэд шилжүүлж байна. Энэ шийдвэрээ эргэн харах шаардлагатай.
-Хууль зүйн яамны сайдад яг ямар шаардлага хүргүүлж байна вэ?
-Хууль зүйн яамны сайдад “Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч” гэсэн хүсэлт гаргах гэж байсан. Прокурорын байгууллага яарч үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа юм. Энэ хэргийг ийм байдлаар шийдэж байгаад бид санал нийлэхгүй байна.
NUUTS.mn
