Төрөлхийн инээдэггүй эмэгтэйг ИНЭЭЛГЭСЭН хүнд 1000 доллар амлан шоу хийгээд ...
Нийтэлсэн: 2018-12-07 01:53:44
1905 оны намар Нью-Йоркын Викторий театрт нэгэн гайхалтай шоу эхэлжээ. Зохион байгуулагчид нь “Хүрэл царайт” Сью хэмээн нэрлэгдсэн настай эмэгтэйг инээлгэж чадсан хүнд тухайн үедээ маш их мөнгө болох 1000 доллар амлажээ. Энэ их шагналыг авахын тулд ердөө таван доллар төлөөд ямар нэгэн аргаар нүүрний өчүүхэн ч хувиралгүй өөдөөс нь гөлрөн суух Сьюг ердөө инээд алдуулахад л болох байв. Шоу дорхноо алдаршиж Нью-Йорк төдийгүй бусад хот мужаас хамгийн шилдэг хошин шогчид, шог зураачид, жүжигчид, циркийн алиалагчид болон алиа марзан нөхдүүд ирж юунд ч инээдэггүй эмэгтэйг инээд алдуулахаар дугаалан зогсож ур чадвараа гаргаж эхэлжээ. Азаа үзэгчдийн элэглэл хошигнолыг үзсэн хүмүүс элгээ хөштөл инээлдэж байсан бол шоуны баатар эмэгтэй ядахдаа инээмсэглэсэнгүй гэнэ. Энэ шоу хагас жил үргэлжилсэн агаад энэ хугацаанд нэг ч хошин шогийн чадвартан “Хүрэл царайт” Сьюг инээлгэж чадсангүй. Харин зохион байгуулагчид маш мөнгө хийгээд эцэст нь шоугаа хаажээ. Жилийн дараа энэхүү шоу нь цэвэр залилан байсан тухай мэдээ хэвлэлээр цацагдаж шуугиан тарьжээ. Шоу зохион байгуулагч Герри Рейханбах хэмээх Германаас цагаачилж ирсэн жүүд эр анагаахын шинжлэх ухааны үүднээс ерөөсөө инээх боломж чадваргүй эмэгтэйг зориуд сонгон авсан байжээ. Сонгогдсон хөөрхий Сью нь Мёбиусын синдром гэдэг төрөлхийн генийн эмгэгтэй нэгэн аж. Энэ эмгэгийн үед хүний нүүрний мэдрэлийн судлууд гэмтсэн байдаг тул инээх, инээмсэглэх мушилзах, ярвайх зэрэг нүүр царайны хувирал, өөрчлөлт гаргаж чаддаггүй гэнэ. Сьюгийн хувьд ердөө тайзны голд сандал дээр суух л үүрэгтэй агаад энэ ажлынхаа төлөө долоо хоногт 20 доллар авч байсан нь тухайн үеийн банкны ажилтны цалин байжээ. Зальтай жүүдийг эрэн хайсан боловч Европ руу зугтан алга болсон гэдэг.
NUUTS.mn