Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах саналын гол буруутан нь Ч.Хүрэлбаатар, Б.Батзориг нар
ХХААХҮЯ-ны харъяа ЖДҮХС-гаас УИХ-ын нэр бүхий гишүүд өөрсдийн хамаарал бүхий компанидаа зээл авсан нь илчлэгдээд буй. Энэ хүрээнд сөрөг хүчнээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан, ЖДҮХС тойрсон асуудлаар тодорхой арга хэмжээ авахыг шаардаад байсан юм. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар хуралдсан нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татав.
Тус намын бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Б.Батзориг оо, уучлаарай. Сайдын албан тушаалаа өгөхөөс өөр арга алга. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд ч бас авсан зээлээ эргүүлэн төл. Та нар өмнө нь ч гэсэн ийм байсан гэж барьцах хэрэггүй. Одоо энэ асуудал дээр хариуцлага ярихаас өөр арга байхгүй. Өөрийн албан тушаалын давуу байдлаа ашиглан, зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудтай ч хариуцлага тооцох болно” гэж мэдэгдсэн байна. Б.Батзориг сайдын хувьд бүлгийн хуралдааны үеэр ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээгүй, гишүүдийн үгийг сонсоод, нам суусан аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх мягмар гаригт Б.Батзориг сайдтай уулзаж, “Ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө гаргачих” гэж ятгасан боловч өнөөх нь таг чиг алга болсон гэх мэдээлэл буй. Тиймээс бүлгийн хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Батзориг сайдыг огцруулах болсноо зарласан аж. Улмаар бүлгийн хурлын дараа ХХААХҮ-ийн сайд “Би сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж байна” гэсэн утга бүхий 20 секундын хэвлэлийн хурал хийсэн.
Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Ж.Мөнхбат гишүүн “Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах санал, ЖДҮХС, ирэх оны төсөвтэй холбогдож орж ирсэн. Засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ хэлэлцэх үүргийнхээ дагуу хэлэлцэж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах саналын гол буруутан нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар. Энэ сайд нартайгаа хариуцлагаа тооц. Ер нь ЖДҮХС тойрсон асуудалд нэр нь холбогдож байгаа бүхэнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ зээлээ банкаар дамжуулан олгох асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй” гэв.
NUUTS.mn
