МАХН : Цэцэд гомдол гаргасан иргэн нь У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж ...
.jpg)
МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарын хүмүүс өнөөдөр Хэнтий аймгийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Өчигдөр МАХН-ын Бага чуулган хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн бусармаг үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Улмаар "Үндсэн хуулийн цэцэд хандсан С.Мөнхцэцэг гэгч нь 2016 онд МАН-аас Баянхутаг суманд нэр дэвшиж, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Хэнтийн аймгийн Засаг даргын Тамгын газрын Боловсрол соёлын газрын даргаар томилогдсон, эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн жолоочоор олон жил ажиллаж, одоо бие хамгаалагчаар нь ажиллаж байгаа Х гэгчийн хадам ээж юм байна. Тиймээс МАХН Үндсэн хуулийн цэцийн шийдвэр захиалгатай үйл ажиллагаа гэж үзэхэд хүрсэн гэлээ.
Ашиг сонирхлын зөрчилтэй хүн иргэн хүний сонгох эрхэнд халдаж байгаа үйлдлийг Үндсэн хуулийн цэц өөгшүүлж, өөрийн чиг үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн гэж МАХН-ын Бага хуралдаанаас дүгнэжээ. Үүссэн асуудалтай холбоотойгоор МАХН-аас УИХ-д шаардах бичиг явуулж байгаа аж. Үндсэн хуулийн суурь зарчмын зөрчлийг нэн даруй арилгахын тулд УИХ-ын Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, нөхөн сонгуулийг анх товлосон 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр явуулахад саад болж байгаа зөрчлийг арилгах тухай шийдвэр гаргахыг шаардаж байгаа юм байна.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын бүрэн эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ. Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Зам тээвэр хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Шадар сайд Ө.Энхтүвшинд сайдын үүргийг давхар хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэв. Үндсэн хуульд УИХ Засгийн газрын гишүүнийг өөрчлөх, томилох, огцруулах бүрэн эрхтэй гэж заасныг зөрчсөн" гэж МАХН-ын зүгээс үзжээ.
Мэдээллийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Олон нийт Хэнтийн нөхөн сонгуулийн асуудалд Үндсэн хуулийн цэц захиалгаар ажилласныг мэдэж, ойлгож байгаа. Манай намын зүгээс болоогүй, үндэслэлгүй асуудлаар шийдвэр гаргаагүй. Үнэндээ МАХН-ын нэр дэвшигчээс айхдаа ийм шийдвэр гаргаж, бусармаг үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Цэцийн гишүүд хараат бус ажиллаж чадахгүй байна. Үндсэн хуульд зааснаар ард түмэн өөрийн сонгосон төлөөллийн хүнээрээ дамжуулан төрийн хэрэгт оролцох, сонгох эрхээ эдлэх ёстой. Үндсэн хуулийн цэц хуйвалдаад Хэнтийн аймгийн 17 мянга гаруй иргэний сонгох эрхэнд халдлаа. Хамаарал бүхий этгээдийнх нь хадам ээжийн хүсэлтээр шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна. Бид цаашдаа тууштай тэмцэж Хэнтийн аймгийн 17 мянган иргэний сонгох эрхийг сэргээж, иргэдийн гарын үсгийг цуглуулна” гэв.
НУУЦ.мн
