АТГ: Сайд Д.Сарангэрэл туслахаа ТЗУГ-ын ахлах мэргэжилтнээр, хүүгийнхээ жолоочийг газрын даргаар томилсон
Нийтэлсэн: 2018-08-27 05:40:25
.jpg)
Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлаа хийлээ. Мэдээллийн эхэнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Төрийн албан хаагчийн хуульд нийцээгүй, томилгоо, төрийн үйлчилгээний хүнд суртал, үндэслэлгүй төлбөр хураамж, тооцоо судалгаагүй төсөв санхүү, үр ашиггүй, хууль зөрчиж гарсан шийдвэр, зөрчилтэй тендер худалдан авалт, төсвийн хөрөнгөөр худалдан авсан чанаргүй бараа, шийдвэр, үйл ажиллагаа, үйлчилгээ зэрэг нь яам, агентлаг, тэдгээрийн харъяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зэрэг төрийн 99 байгууллага, 21 аймагт түгээмэл, түүнийг засах, таслан зогсоох гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болж байна” гэж тодотгосон юм. Мөн тэрээр “Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яам, агентлагуудад ажиллаад, илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас сэргийлж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх 150 зүйл бүхийн зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодитой ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг давтагдах нөхцлийг бүрдүүлээд байна. Тухайлбал,
БОАЖ-ЫН ЯАМ ДОТООД ЗАВСАР ХИЙХДЭЭ өөр зориулалтаар нэр бүхий компани руу мөнгө шилжүүлэн, тэндээсээ гарган авч, өөр компани руу шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн. Тус компани нь БОАЖ-ын сайдын хамаарал бүхий хуулийн этгээд байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 130 компани энэ салбарт ажилладаг хүмүүсийн хамааралд байна. Өнгөрсөн онд зарлагдсан тендерээс эрчим хүчний салбарт ажиллагсад болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан ДОЛООН компани 5.8 тэрбум төгрөгийн тендерт сонгосон байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ, өөрийн хамаарал бүхий этгээдийг удирдах албан тушаалд томилох тохиолдол хэд хэдэн гарсан. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г яамны Төрийн тусгай удирдлагын ахлах мэргэжилтнээр томилсон. Өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон гэх гомдол мэдээллийг хянан шалгахад магадлагдсан болно” гэж онцоллоо.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-АТГ-ын дарга Х.Энхжаргалын охин “Шарын гол”-ын уурхайн ТУЗ-ийн даргаар ажилладаг гэсэн мэдээлэлд хариулт өгнө үү?
-Х.Энхжаргалд даргад 19 настай охин байхгүй. Аль нэг компанийн ТУЗ-д ажилладаг хүүхэд ч байхгүй. Энэ бол санаатай тараасан мэдээлэл. Бидний авсан мэдээллээр, хэсэг бүлэг хүмүүс АТГ-ын нэр хүндийг унагах, үйл ажиллагааг нь саармагжуулах зорилгоор санаатайгаар энэ бүхнийг хийж байна. Бүр цуврал мэдээлэл бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл бий. Бид энэ бүхнийг Цагдаагийн байгууллагаар шалгуулна. н.Пүрэвбаатар өмгөөлөгчийг та бүхэн хэний өмгөөлөгчөөр ажиллаж байсныг мэдэж байгаа байх. Нөгөөтэйгүүр, энэ хүн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Гэтэл энэ байгууллага АТГ-ын нэр хүндийг зориуд унагах гэсэн үйлдэл удаа дараа гаргалаа. Тиймээс цаашид бид хууль бус гүтгэлэгтэй тэмцэж, цагдаагийн байгууллагад хандана.
-"60 тэрбумын" хэргийг дахин сэргээн шалгахаар болсон нь үнэн үү?
-"60 тэрбумын" асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажилласнаар дахин сэргээгдэж шалгагдахаар болсон.
-"Жаст"-ын Ш.Батхүүтэй холбоотой асуудал ямар шатандаа шалгагдаж байгаа вэ?
-"Жаст" компани Өмнөд Африкийн Стандарт банкнаас баталгаа гаргаж, их хэмжээний зээл авсан асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Нийтдээ 10-аад гэмт хэргийн бүрэлдэхүүнтэйгээр шалгагдаж байгаа юм. Шалгагдаж байгаа нийт хүмүүсийн тоог хэлэх боломжгүй.
-МУИС-ийн удирдлагуудыг авлигын асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэлд нэмэлт тодруулга авмаар байна?
-МУИС-ийн багш нарыг авлигын хэргээр шалгасан асуудал байхгүй. Хөрөнгө санхүүгийн асуудлаар нь шалгаж байна.
NUUTS.mn
