Кино од шиг царайлаг рецедивист гэмт хэрэгтэн НИСДЭГ тэргээр шоронгоос оргожээ
Нийтэлсэн: 2018-07-02 03:19:24
Францын BFM ТВ-гийн мэдээлснээр Парижийн ойролцоох нэгэн шоронгоос онц аюултай гэмт хэрэгтэн Холливудын кинонд гардаг шиг оргож чаджээ. Энэ орголтонд барьцаалах, нисдэг тэрэг, машинаар зугтах гээд бүх зүйл орсон байна. Редуан Фаид нь зэвсэгт дээрэм, халдлага гэх мэт бас л Холливуд маягийн хэргээрээ шүүхээс онц аюултай гэмт хэрэгтэнд зарлагдсан. Рецедивст гэмт хэрэгтний удирдан зохион байгуулсан хэрэг бүр кино шиг тавилт өрнөлттэй болдогоороо алдартай. Түүнээс гадна тэрээр яг жүжигчин хүн биеэ авч явдаг, бусдыг өөртөө татах итгүүлэх гайхалтай чадвартайн дээр сэтгэл татам дүр төрхөөрөө бас алдаршсан.
Файдын бүлгийнхэн 1990 оны үед барьцаалах, шантаажлах, айлган сүрдүүлэх, зэвсэгт дээрэм зэрэг олон гэмт хэрэг үйлдсэн. Түүнийг 1993 онд баривчилж 30 жилийн хорих ял өгсөн ч 2003 онд хугацаанаас нь өмнө суллажээ. 2010 оны хавар рецедивистын бүлгийнхэн банкны мөнгөний машинд халдсан. Халдлага кинонд гардаг шиг нарийн төлөвлөгөө, багийн ажиллагаар явагдаж банкны машиныг дэлбэлж мөнгийг нь авч зугтаахдаа цагдаа нартай буудалцжээ. Буудалцаанд 26 настай цагдаагийн офицер Орели Фуке алагдсан. Хагас жилийн дараа гэмт этгээдүүдийг баривчилж рецедивистид зэвсэгт дээрэм, хүн амины хэргээр 20 жилийн хорих ял өгсөн.
2013 оны 6-р сард бүлгийн наранд үлдсэн гишүүд нь толгойглогчоо шоронгоос суллаж чаджээ. Тэд шоронгийн харгалзагчдыг аюулгүй болгож хаалгануудыг нь ээлж дараалан дэлбэлсээр Файдыг гаргаж авсан. Гэсэн ч наранд нуугдах нь шоронгоос оргохоос хэцүү байсан тул зургаан долоо хоногийн дараа л баригдсан. Үүний дараа тэрээр Франц даяар алдаршсан гэмт хэрэгтэн болжээ. Canal+ ТВ Файдын тухай баримтат кино хийж шоронд сууж байсан рецедивист нь сэтгүүлч Жер Перратай хамтран “Их хотын дээрэмчид” гэдэг дурсамж ном бичсэн нь оны бестселлерийн нэгээр шалгарсан.
Номондоо гэмт хэргийн тухай кинонд маш их дуртай гэдгээ оруулсан. Кинонд гардаг гэмт хэргийн арга хэлбэр, технологийн шинэлэг санаа зэргийг ч чадмаг ашиглаж иржээ. Өөртөө “Док” гэдэг хоч өгсөн нь найруулагч Сэм Пекинпийн “Орголт” киноны гол баатарын нэр юм. Файдын дуртай кино нь хотын цагдаагийн газрын дарга болон мафийн бүлэглэлийн толгойлогчийн тэмцлийг харуулсан “Амь өрссөн тэмцэл” кино гэнэ. Файдын энэ удаагийн орголт нь мөн л кино шиг болжээ. Өнгөрсөн сарын 30-нд түүний хоригдож байсан шоронгийн дээр гэнэт нисдэг тэрэг гарч ирсэн байна.
Нисдэг тэргэнд автоматаар зэвсэглэж дуулга, хамгаалалтын хантааз өмссөн багтай гурван этгээд байсан агаад харгалзагч нарыг бууны хараандаа оруулаад Файдыг суллахыг шаарджээ. Энэ үед тэрээр шоронгийн хашаан доторхи уулзалтын өрөөнд байсан. Амиа алдахаас айсан харгалзагч нар шаардлагыг биелүүлж Файдыг гаргаж ирэхэд нисдэг тэрэг доошлон хашаан дотор бууж аваад нисжээ. Нисдэг тэрэгний ниссэн чиглэлийг тогтоосон ч гүйцэж чадаагүй байна. Файдыг суулгасан нисдэг тэрэг шоронгоос 37 км-ын цаана бууж гэмт этгээдүүд урьдчилан бэлдсэн машинд суун зугтаажээ. Тэдний суусан хар өнгийн Renault машиныг мөн илрүүлэн мөрдсөн ч цагаан өнгийн фургонд шилжин суугаад ор мөргүй алга болжээ. Мөрдөн байцаалтаар нисдэг тэрэгний нисгэгч нь гэмт хэрэгтний холбоотон биш болох нь тогтоогджээ. Файдын хамсаатнууд нисдэг тэрэгний сургалтын клубаас тэргийг нисгэгчтэй нь хамт барьцаалан ниссэн байжээ. Өдгөө гэмт этгээдүүдийг Франц даяар хайж байна.
НУУЦ.мн
HA HA SUPER