“Салаавч” Ц.Баярцогт болон алтанд хийрхэгсэд Ерөөгийн Хустайг там болгосон ТҮҮХЭЭС ...
Нийтэлсэн: 2018-06-07 00:08:34
.jpg)
Төрийн цагдаад салаавч гаргаж танхайрсан “Баян суут”компаний захирал Ц.Баярцогт нь 2014-2015 оны хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар алт олборлож байгаль орчинд 130 гаруй төгрөгийн хохирол учруулж бусдаас 160 сая төгрөг залилсан хэрэгт холбогдсон. Үүнээс залилангийн хэргийг нь шүүх хэрэгсэхгүй болгож байгаль орчинд хохирол учруулсанд нь хариуцлага хүлээлгэсэн. Гэрч нарын баталсанаар Хустайн ам нь байлдаан болсон газар шиг харагдаж байсан гэдэг. Энэ газрыг там болголцсон хүмүүс нь “салаавч” Ц.Баярцогтоос гадна Д.Ууганбаатар, О. Зоригтбаатар, Б. Дашдондог, Д.Дашдэмбэрэл, Д.Батбаяр нар юм. Гэрч нарын мэдүүлснээр Ц.Баярцогт нь Д.Ууганбаатартай 2010 оны үеэс харилцаатай агаад Хустайн амыг зарж өгөхийг гуйдаг байсан гэнэ. Энэ үед Францаас ирсэн О.Зоригтбаатар нь найдвартай газар хайж явсаар ахаар нь дамжуулан Ууганбаатартай уулзжээ. Уулзахад “Эрэл”, “Монгол газар” зэрэг том компаниудад газарт зааж өгч хөл дээр нь босгосон улаан Баадай гэдэг нэртэй ахмад геологичийн геологийн фондоос хуулбарлаж авсан гэх Хустайн зүсэлтийн зургийг үзүүлж доод тал нь 200-300 кг алттай гэжээ. Уг газрыг 300 сая төгрөгөөр үнэлсэн агаад зуучлалын хөлсөнд нь 10 хувь авна гэсэн аж. Ингээд Зоригтбаатарыг Цэрэнгаваа гэдэг хүнтэй уулзуулахад Хустайн зөвшөөрөл дүү Баярцогтын нэр дээр байдгийг хэлж гадаадаас ирэхээр нь уулзуулахаар болжээ. Сарын дараа газрын “эзэн” ирсэнд хамтдаа Сэлэнгийн Ерөө явжээ. Баярцогт нь замдаа “Ялбаг” нэртэй хөндийд 417 га газар миний нэр дээр байгаа, 300 сая төгрөгөөр зарна гэжээ Ерөөд ирээд нутгийнхантай танимхайран уулзаж газраа эргэж байна гэх зэргээр ярьсанд Зоригтбаатар нар итгэсэн гэнэ. Газар дээр нь дээж авч угаахад алт гарчээ. Хотод ирсэний дараа ирэх хавраас сонирхохоор шийдээд байтал Ууганбаатар залгаж нөгөө газрыг өөр хүмүүс сонирхож байгаа тухай хэлж айлгажээ. Баярцогттой уулзахад “ямар зориггүй юм бэ, гадаадад байсан хүмүүс хэзээ ийм гуриа байсан юм” гэх зэргээр шарыг нь малтсан гэнэ. Ингээд урьдчилгаа 50 хувийг өгөөд гэрээ байгулахаар тохирч ББСБ-аас зээл аван Баярцогтын гэрт нь очиж 90 сая төгрөгийг бэлнээр өгчээ. Гэрээ байгуулахад тамга гарын үсгээс илүү хүчтэй гээд Баярцогт гарын үсгээ зурсангүй. 50 хувийн үлдэгдэл 60 сая төгрөгийг өгч чадахгүй удахад эхэлж уулзсан Цэрэнгаваа нь ирээд “үлдсэн мөнгөө өгөхгүй бол, газар ч үгүй, мөнгө ч үгүй хоцорно шүү” гэж сүрдүүлсэн гэнэ. Ингээд Зоригтбаатар, Даваажав нар нь чулуу буталдаг багаж /молдок/ 24 ширхэгийг 42 сая төгрөгт бодож өгчээ. Хавар болоход Баярцогт “ажлаа эхэл, үлдэгдэл мөнгөө авмаар байна” гэж шахаж шаарджээ. Зоригтбаатар нар нь санхүүгүй болоод байтал зуучлагч Ууганбаатар нь “хөрөнгө оруулж хамтран ажиллах хүмүүс байна” гэж таатай мэдээ дуулгажээ. Тэр хүмүүстэй нь уулзахаар Улиастайн шинэ цахилгаан станцын тэр хавьд нэг зуурмагын үйлдвэр дээр очиход Дашдондог, Батбаяр, Дашдэмбэрэл нар байсан гэнэ. Энэ үеэс л эхлээд залилсан гэх хэрэг дэгджээ. Зоригтбаатар нь Ялбагийг 300 сая төгрөгөөр бүр худалдаад авчихсан, бүх мөнгөө зарцуулсан тул ашиглалтын зардалгүй болоод байна гэжээ. Мөн “ хөрөнгө оруулагчид”-ийн нэг болох Батбаярын ах нь Зоригтбаатарын ахыг Кампучид аваачиж шатаасан гэх үндэслэлээр хамтарч ажиллахгүй хэмээн хасжээ. Гэтэл Ууганбаатар нь Баадайн алдарт зургийг шинэ хөрөнгө оруулагчидад үзүүлж хорхойг нь гозолзуулсан тул тэд алт ухахаар мөнгө цуглуулчихсан байжээ. Батбаяр нь “хөрөнгө оруулалт хийх гэж хүүтэй мөнгө зээлсэн, намайг жийвэл нэгийгээ үзнэ” гэх мэтээр бусаддаа агсарчээ. Ингээд түүний оронд эхнэрийг нь хөрөнгө оруулагчаар оруулж Зоригтбаатарыг хуурахаар шийдсэн гэнэ. Эхнэр нь 20 сая төгрөгтэй ирж “Алтан чанар” компаний нэрээр гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор шинэ хөрөнгө оруулагчид алттай шорооноос угааж олборлосон алтныхаа тодорхой хувийг Зоригтбаатарт төлөхөөр болжээ. Шинэ хөрөнгө оруулагчид 2014 оны 8-р сард Ялбагт очиход Зоригтбаатар нь анги гаргаад ухаж байснаас гадна Баярцогтынхон уулын дээд хэсгийн Ганц мод гэдэг хэсэгт мөн олборлож байжээ. Маш том хэмжээний газрын хөрсийг хуулж, олон тооны нүх ганга жалга ухаж тогтоол нуур үүсгэн газрын эвдрэл нь байлдаан болж бөмбөгдүүлсэн мэт харагдаж байжээ.
.jpg)
Ийнхүү тэд гурван талаас нь ухаж гарсан байна. Уурхайн ажлыг Дашдондог, Ууганбаатар нар удирдаж байжээ. Олборлох үед ус их гарч нацос олж ирэх хооронд ажил зогссон байна. Сар гаруйн зогсолтын үеэр “Алтан чанар”-ынхан бараг өдөр болгон шахуу архиджээ. Техник тоног төхөөрөмж нь ээлж дараалан эвдэрч кемпийн нөхцөл муу, хоол тааруу, цалингаа өгдөггүй гэх шалтгаанаар ажилчид нь хаяж явж эхэлсэн. Энэ үед хамтарч ажиллахгүй гэсэн Батбаяр өөрийг нь хуурч эхнэрээ оруулсан болохыг Зоригтбаатар мэдэж бөөн хэрэг дэгджээ. Гэхдээ түүний “факт” ч мөн илэрсэн. Ажиллах явцад Баярцогт гарч ирэн “Алтан чанар”-ынханаас татвар нэхсэн байна. Тэрээр “Ялбаг тэр чигээрээ миний газар, Зоригтбаатар 300 сая төгрөг төлөхөөс талыг нь л өгсөн, мөнгөө гүйцээж өгөөгүй учраас би өөрөө ухаж байгаа юм, яваандаа Зоригтбаатарыг хөөж явуулна, харин та нар гарсан алтнаасаа 20 хувийг өг” гэжээ. Ийнхүү тэд хоёр эзэнд татвар төлөхөөр болж бас ахин хэрүүл дэгджээ. Баярцогт нь хүч түрэн “шинэ хөрөнгө оруулагчдын” алт угаах скруберийн алт тунах шлизийн хэсгийг цоожилжээ. Удалгүй байдал улам хүндэрчээ. Хууль бусаар алт ухаж байгааг мэдсэн цагдаа, байгаль орчин хяналтынхан иржээ. Шалгалт ирэхэд Баярцогтынхон тарч бутраад зугтаадаг гэнэ. Ингээд газрын “эзэн” гуай нь Сэлэнгэ аймгийн удирдлагатай байгуулсан нөхөн сэргээлтийн гэрээнээс өөр ямар ч бичиг баримтгүй болох нь мэдэгджээ. Түүнд хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл байсангүй. Гэтэл тэд бүх зөвшөөрөл байгаа мэтээр шат шатандаа бие биенээ хуурчээ. Баярцогт нь Зоригтбаатараа, Зоригтбаатар нь “Алтан чанар”-ынханыг молигдсон болж таарчээ. Бүр Баярцогтын “Баян суут” компанийхан хүртэл “А” зөвшөөрөлгүй гэдгийг мэддэггүй байсан аж. Цагдаагийн мөрдөн байцаагч ирээд лацдаад явсаны дараа ч Баярцогт тушаал буулган “олборлолтоо явуул, ажлаа эхэл, миний бүх бичиг баримт байгаа хотод байгаа” гээд ухуулж эхэлдэг байсан. Эцсийн эцэст муу ч сайн ч төр юм гэсэндээ тэдний ажиллагааг зогсоож чаджээ. Бүтэн жил үргэлжилсэн энэхүү даварсан явдлаас болж хөрөнгө оруулсан хүн бүр шахуу хохирчээ. Алтны хийрхэлд автаж Ялбагт "хөрөнгө оруулсан" гэх олон хүн орон гэрээ зээлийн барьцаанд алдаж өр шир нэхсэн дарамтаас болж цус харвасан ч хэрэг гарсан. Гэхдээ хамгийн их хохирсон нь там шиг болсон Ялбагийн сайхан хөндий юм.
НУУЦ.мн
