Н.Энхбаяр: О.Баасанхүү гишүүнд Бага чуулганд оролцох урилга хүргүүлсэн ч ирээгүй
.jpg)
МАХН-ын Үндсэн дүрмийг Улсын дээд шүүхэд бэлтгэл ажлын хүрээнд өнгөрөгч амралтын өдөр Бага чуулганаа зарлан хуралдуулсан билээ. Улмаар өнөөдөр МАХН-ын удирдлагууд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нарын хүмүүс оролцов. Мэдээллийн эхэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр “Улсын дээд шүүхээс манай намын дүрмийг бүртгэхтэй холбоотой улс төржилт их явагдаж байгаа. Өнгөрсөн удаад бид Улсын дээд шүүх дээр болсон бусармаг хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Одоо энэ бүхнийг бид нээлттэй яриад явна. МАХН 2011 онд дүрмээ албан ёсоор баталсан байдаг. Энэ дүрмийн дагуу МАХН-ын дарга ээлжит бус Их чуулганыг зарлан хуралдуулах эрхтэй байна. Дүрмийнхээ дагуу ээлжит бус Их чуулганыг хоёр удаа зарлан хуралдуулсан. Их чуулганыг зохион байгуулахын тулд Бага чуулганаа өмнө нь хуралдуулдаг. Намын дүрмийн дагуу өнгөрөгч амралтын өдөр МАХН-ын Бага чуулган 20 дугаар хуралдаанаа 67 хувийн ирцтэйгээр зохион байгууллаа. Энэ хуралдаанаараа бид намын даргаа батламжилсан Их чуулганыхаа шийдвэрийг баталгаажуулсан” хэмээн тодотгосон юм.
МАХН-ын Бага чуулганы талаар тус намын дэд дарга Ц.Оюунбаатар “Манай намын 20-р Бага чуулган амжилттай зохион байгууллаа.Өнгөрсөн өвөл манай намын Их чуулган үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулагдаж, ард түмэнд шууд дамжуулалтаар хүрсэн. Харамсалтай нь Их чуулганаас гарсан шийдвэрийг Дээд шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн учир бид дахин Бага чуулган зарласан байгаа. Бага чуулганаар өмнөх Их чуулганаар хэлэлцсэн асуудлаа бататгахаас гадна дахин ээлжит бус Их чуулган зохион байгуулах шийдэлд хүрсэн. Манай намын Их чуулганд нийт 1024 саналын эрх бүхий төлөөлөгч оролцоно. Их чуулганы зохион байгуулалтыг бид маш сайн ханган ажиллах болно. Энэ талаарх бүх мэдээлэл хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй” гэж онцоллоо.
Мөн энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Дээд шүүх манай намын дотоод асуудалд оролцож байгаа. Манай намын хяналтын хороонд энэ төрлийн ямар гомдол ирээгүй. Тийм байтал Дээд шүүх бидэнд гомдол ирсэн гэж мэдэгдээд байгаа нь зарчмын хувьд ихээхэн буруу юм” гэж нэмж хэлсэн юм. Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын зүгээс “Бид намынхаа гишүүдийг Бага чуулганд оролцуулах асуудалд идэвхийлэн ажилласан. О.Баасанхүү гишүүнд Бага чуулганд оролцох урилга хүргүүлсэн ч ирээгүй. О.Баасанхүү, н.Бямбасүрэн нарын маргаан МАХН-ыг бүрэн төлөөлөхгүй гэдгийг бид Дээд шүүхэд хэлсэн байгаа” хэмээлээ.
NUUTS.mn
