Г.Батцэцэг: Шагналын 50 САЯ төгрөгөө эмчилгээндээ зарцуулна
Нийтэлсэн: 2018-05-28 03:09:13
НӨАТ-ын урамшууллын сугалаа/2018 оны тавдугаар сарын 20-ны тохирлоор/-ны 50 сая төгрөгийн азтангаар Сүхбаатар аймгийн Наран сумын иргэн Гомбожавын Батцэцэг гэх 26 настай бүсгүй тодорчээ. Г.Батцэцэг сумынхаа “Наранзаяат” дэлгүүрээс 8,500 төгрөгөөр гэртээ хүнсний бүтээгдэхүүн худалдан аваад азтан болсон байна.
-Юуны өмнө 50 сая төгрөгийн азтан болсонд баяр хүргэе. Азтан болсноо яаж мэдсэн бэ?
-Баярлалаа. Сугалааны хонжвор нь өнгөрсөн Ням гарагт явагдана гэдийг мэдэж байсан ч тухайн өдөр манай суманд тог тасарсан байсан болохоор тохирлыг үзэж чадаагүй. Нэг дэх өдөр утсанд та супер азтан боллоо гэсэн мессеж ирсэн. Тэгээд азтан болсноо мэдсэн. Эхэндээ мэдээж итгэж өгөхгүй байсан. Дараа нь утсаар залгаж та азтан болсон байна, 25-ны өдөр ирж супер шагналынхаа мөнгийг авна уу гэж залгахад нь сая нэг итгэсэн гэх үү дээ.
-Та ямар дэлгүүрээс худалдан авалт хийсэн бэ. Азтан болсон гэдгээ дэлгүүрийнхэнд хэлсэн үү?
-Манай Наран сум 10 гаруй дэлгүүртэй. “Наранзаяат” дэлгүүрээс гэртээ 8,500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн аваад азтан болчихлоо. Хотоос та азтан болсон байна гэж утсаар ярьсан өдөр шууд наашаа хөдөлсөн болохоор худалдан авалт хийсэн дэлгүүрийн хүмүүст хэлж амжаагүй байгаа.
-Өнгөрсөн жил бас азтан болж байжээ?
-2017 оны зургадугаар сарын баримтаар 100 мянган төгрөг хожсон. Тухайн үед дэлгүүрээс 6,100 төгрөгийн худалдан авалт хийж азтан болсон. Энэ удаа бүүр супер шагналын азтан боллоо.
-Шагналынхаа мөнгөөр юу хийхээр төлөвлөж байна?
-Эмчилгээндээ л зарцуулна гэж бодож байна.
НУУЦ.мн