Булганы Засаг дарга асан Д.Эрдэнэбат нарын улсад 347 САЯЫН хохирол учруулсан гэх цагаадсан хэргээс ...
Нийтэлсэн: 2018-05-22 03:04:25
“Булганыхан будлиантай, будаан дээрээ зодоонтой” гэдэг нэгэн хэргийн тухай өгүүлье. 2013 онд болсон энэ явдал нь тав дах жилдээ хуулийн байгууллага дамжсаар л байна. Энэ хэрэгт тухайн үед Булган аймгийн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, аймгийн Байгаль орчны газрын дарга асан А.Г, “Анаг” компаний захирал П.Бүрнээ, “Д” гэх компаний захирал Ц.Д нар холбогдсон. Д.Эрдэнэбат аймаг удирдаж байхдаа “Ногоон Булган” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн гэдэг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр "Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх" ажилд 800 сая төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэж ИТХ нь төсөвд тододгол хийжээ. 16 сум тус бүрд 50 сая төгрөгөөр трактор, самосваль автомашин зэрэг хоёр техник нийлүүлэх байсан. Засаг дарга үүний дагуу Үнэлгээний хорооны даргаар Л.А, гишүүдээр худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшсэн болохыг гэрчлэх АЗ төрлийн гэрчилгээгүй Л.Б, М.А, Г.Б, Ж.Ч нарын албан тушаалтнуудыг томилжээ. Тухайн үед "М" компани нь түрдэг, ухдаг универсаль тракторыг 25,4 сая, самосвалийг 16,8 саяар тооцон нийтдээ 16 трактор, 16 самосвалыг 799 сая төгрөгөөр нийлүүлэхээр санал өгч тендерт оролцжээ. Энэ компаний бүх бичиг баримт зохих журмын дагуу байсан бол нөгөө оролцогч “Анаг” –д хүсэлтээс өөр зүйл байгаагүй гэнэ. Хоёр ч удаа нээлттэй тендер зарласан ч “Анаг” болон “М” компаниас үнэлгээний хороо татгалзжээ. Үүний дараа БОГ-ын дарга А.Г нь техникийн үнэ нэмэгдсэн, валютын ханш өссөн гэх шалтгаанаар аймгийн ИХТ-ын тэргүүлэгчид хүсэлт гаргаж хүсэлт гаргаж "тоног төхөөрөмж" гэдэг нэр томъёог "ухдаг, түрдэг трактор" болгон тогтоол гаргуулж, захиалагчийн захиалсан трактор, самосваль автомашин зэрэг хоёр техникийг нэг трактор болгон өөрчлүүлжээ. Өөрөөр хэлбэл 50 сая төгрөгөөр хоёр техник авах ёстой атал нэг болгосон байна. ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарсаны дараа Засаг дарга "Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай" А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг БОГ-ын дарга А.Г-т даалгажээ. Газрын дарга ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагагүй “Д” компаний нэрээр , өмнө нь Үнэлгээний хорооноос татгалзсан "Анаг компаний захирал Бүрнээд давуу байдал олгосон гэж хуулийн байгууллага үзсэн. Ийнхүү "Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ" байгуулагдаж “Д”компаний захирал Ц.Д болон Бүрнээ нар нь нэг суманд 50 сая төгрөгөөр трактор нийлүүлэхээр болжээ. Энэ тухайд “Д” компаний захирлын эхнэр нь “ ... Манай нөхөр Орхон аймагт гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Д" компанийг 2009 онд байгуулсан. 2013 оны намар багын найз Бүрнээ нь ирж “Булган аймгийн ЗДТГ-аас 16 суманд хог хаягдал түрж булах трактор авах тендер зарлагдлаа, манай компани ортол орон нутгийх гээд хэл ам гараад байна, Засаг дарга болон ИТХ-ын дарга нар өөр компани олоод ир гэсэн, иймд танай компанийг тендерт оруулья гэж манай нөхрөөс гуйсан..." хэмээн мэдүүлжээ. Гэрээ байгуулсаны дараа Бүрнээ өөрөө Хятад явж Шандунь мужаас “\/ОТАL WZ25-16” маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг “Д” компаний нэрээр оруулж ирсэн.

Аймагт ирсэн тракторуудыг тендерт заагдсан техникийн тодорхойлолтын дагуу хүлээн аваагүй, акт ч үйлдээгүй гэнэ. Бүр хүлээн авах комисс ч байгуулалгүй шууд сумдын Засаг дарга нарт хүлээлгэн өгчээ. Энэ тухай гэрч С.Б нь “...Би 2014 оны хавар Эрдэнэт хотод төмөр замаар тээвэрлэн авч ирсэн 16 ширхэг урд талдаа түрдэг, хойд талдаа хутгадаг шанага бүхий тракторыг хүлээн авч Булган аймгийн БОГ-д газарт түр хүлээлгэн өгөөд дараа нь нэгдсэн журмаар сумдын Засаг дарга нарт нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн. Бүрнээ надад хоёр сая төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. "Д" компаний дээрхи техник хүлээлцсэн актуудад захирал Д болон менежер Д.Ч нарын гарын үсгүүдийг би орлон зурсан ...” гэжээ. Хоёр жилийн дараа хэрэг мандах үеэр тодруулахад аймгийн 15 сум, нэг тосгонд өгсөн нийт 16 тракторын долоо нь буюу тал хувь нь эвдэрсэн байжээ. Ц.Ц нь “... Булган аймгийн ЗДТГ-аас сумдад трактор нийлүүлэх тендер зарлагдаж "Анаг" компани материалаа бүрдүүлж өгсөн. Гэхдээ Бүрнээ "орон нутгийн компани учраас хэл ам гараад байна, өөр компани оруулах хэрэгтэй, өр зээлгүй бол ямар ч хамаагүй компани олоод ир гэж байна” гэсэн. Дараа нь дүү Т нь "Нугарсан ашигтай бизнес болсон шүү эгчээ" гэж байсан. Трактор хүлээлгэн өгөх ажиллагаанаас хойш гурван сарын хугацаанд Бүрнээ нь Засаг дарга Эрдэнэбат, ИТХ-ын дарга Батсайхан нартай огт харьцахгүй, залгахаар утсаа авахгүй яваад байсан. Тэгэхээр нь би “найз нөхөд чинь ашиг орлоготой тендер өгч байхад чи эргээд харьцдаггүй ямар муухай юм бэ” гэхэд юм хэлдэггүй байсан. Сүүлдээ дарга нартай хэвийн харьцаатай болчихсон, ярьж хөөрөөд явж харагдсан ...” гэжээ. Д.Эрдэнбат Бүрнээ нар нь эртний найзууд гэнэ. Шинжээчийн дүгнэлтээр сумдад нийлүүлсэн тракторын зах зээлийн үнэ нь тухайн үед 28 сая төгрөг байсан агаад 16 трактороос нийт 347.5 сая төгрөгийн зөрүү гарчээ. Төр учирсан хохирлоо нэхэмжилсэн боловч шүүх Засаг дарга асан Д.Эрдэнэбат нарыг цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
НУУЦ.мн
