Ватиканы хамгаалалтын швейцарь гвардийн ЗАХИРАГЧИЙН 20 жилийн турш илрээгүй аллагын нууцаас ...
Нийтэлсэн: 2018-05-20 01:30:23
Дэлхийн католиг шажинтын төв Ватикан нь шашны бүлэглэлүүдийн өрсөлдөөн, нууц явууллага, аллагын түүхээр дүүрэн юм. Энд үйлдэгдсэн олон аллага одоо ч учир битүүлэг хэвээрээ байна. Тэдгээрийн нэг нь 1998 оны 5-р сарын 4-нд учир битүүлгээр амиа алдсан хамгаалалтын швейцарь торгон цэргийн хорооны захирагч Алоиз Эстерманны үхэл юм.
Папын өмөг түшиг, найдвар
Ромын Пап ламтны хамгаалалтын швейцарь хороо нь 1506 онд байгуулагдсан гэдгээрээ дэлхийн хамгийн эртний армид тооцогддог. 1970 онд албан ёсоор Ватиканы зэвсэгт хүчин гэж зарлагдсан. Папын лүндэн болон уламжлал ёсоор уг хороонд зөвхөн швейцарьчууд алба хаадаг агаад албан ёсны хэл нь герман. Хороо нь эрхэм дээд Пап болон Ватиканы төрийн нарийн бичгийн даргын амь нас, өргөөг сахиж Апостольскийн ордонг бүхэлд нь хамгаалдаг. Мөн католиг шажны олон арга хэмжээнд оролцдог. Швейцарь хороог билэгдлийн чанартай гэж ярьдаг нь эндүүрэл агаад цэргийн тусгай хүчинд алба хаасан залуучуудыг шалгаруулан авч автомат, пулёметоор зэвсэглэдэг. Хороог Папын томилсон хурандаа захирдаг.
31-дэх хурандаагийн үхэл
Швейцарь хорооны захирагчийн албан тушаал нь маш нэр хүндтэй тул Европын орнуудын армийн генерал цолтноос ч дээгүүр хүндлэгддэг. Хурандаа нарыг 1506 оноос эхлэн тоолдог агаад 43 настай Алоиз Эстерманн нь 1998 оны 5-р сарын 4-нд хорооны 31-дэх захирагчаар томилогдсон. Тэрээр олон жил Ватиканд алба хаасан агаад 1981 оны 5-р сард Туркийн шашны хэнээтэн Мехмет Али Агжаагийн буудсан сумнаас Пап лам Иоанн Павел I -ийг биеэрээ халхалсан гэдгээрээ алдаршиж шашны тэргүүний өмөг түшиг, итгэл найдвар нь гэгдэж байв. 31-дэх захирагч шинэ албан тушаалдаа ороод ердөө хэдхэн цагийн дараа л алагдсан. Оройн 21 цагийн үед гэрээс нь гурван цогцос олдсон нь шинэхэн хурандаа, хурандаагийн эхнэр Глэдис Ромеро болон хорооны түрүүч Седрика Торнегийх байсан.
Түрүүчийн цогцосны дэргэд буу байсан. Шинжилгээгээр уг буугаар бүгдийх нь амийг хороосон болох нь тогтоогдсон. Анхны таамаглалаар түрүүч нь даргыгаа эхнэртэй нь хамт буудан хороогоод дараа нь амиа хорлосон гэж гарсан. Харин шалтгаан нь юу байв ...?
Дэглэлт
Швейцарь хороонд оны ялгаа, дэглэлт дээд цэгтээ хүрсэн байсан. Түрүүч Седрика хэдийгээр гурван жил алба хашсан ч олон жил хаасан бусд цэргүүддээ байнга дэглүүлж доромжлуулдаг байжээ. Ялангуяа шинээр хорооны захирагчаар томилогдсон Эстерман нь их дэглэдэг байсан гэнэ. Хэдийгээр хорооны албан ёсны хэл нь герман ч франц хэлтэй швейцарьчууд мөн элсэж болдог. Харин түрүүч нь франц хэлтэй цөөхөн албан хаагчдын нэг байсан тул герман хэлтнүүддээ байнга дэглүүлж мөн ялгаварлан гадуурхагддаг байжээ. Түүнээс гадна мөрдөн байцаалтаар бас нэг нөхцөл байдал илэрсэн нь хорооны захирагчийн эрх мэдлийн хүрээнд олгодог Бенемерентийн одон байсан. Жил бүрийн 5-р сарын 6-нд буюу хороо байгуулагдсан өдрөөр гурван жил алба хаасан цэргүүдэд тусгай ёслолын арга хэмжээгээр гардуулдаг энэ одонг түрүүч ихэд хүлээж байсан гэнэ. Гэтэл одонгоор шагнуулах цэргүүдийн нэрсийн жагсаалтаас түрүүч хасагдсан аж. Хасах эрх зөвхөн хорооны захирагчид л байсан тул олон жил дэглүүлж дарамтлуулсан түрүүчийн тэвчээр алдарч өшөөгөө авсан байж болох гэнэ.
Ижил хүйстний дурлал
Ватикан нь эртнээсээ гомосексуалын явдал шуугианаараа алдартай байсан. Үүний дагуу захирагч түрүүч хоёрыг амраг байсан гэж сэжиглэдэг. Эхнэртэй ч нууц гомосексуал бэлгийн чиг баримжаатай байсан захирагч залуухан царайлаг түрүүчийг уруу татсан гэж баталдаг. Эцэстээ тэдний дурлал хүний амины хэрэгт хүргэсэн байх магадлалтай гэнэ. Мөрдөн байцаалтын шатанд тэдний ижил хүйстний харьцаатай байсныг нотлох баримтууд цөөнгүй гарч иржээ.
Социалист Германы тагнуул
Энэ хэргийн олон жил үргэлжилсэн таамаглалын явцад 2004 онд Италийн сэтгүүлч Виктор Гитард нь хорооны захирагч Алиоз Эстерманныг тухайн үеийн БНАГУ буюу социалист Германы тагнуул байсан гэх шинэ баримт гаргаж ирэн шуугиан тарьсан. Энэ тухай баримтыг сэтгүүлчид алдарт “Штази”-д олон жил удирдах албан тушаал хашсан Маркус Вольф өгсөн гэнэ. Хорооны захирагчаа үзэл санаасаа урваж дайсагнагч системийн тагнуул болохыг нь мэдсэн түрүүч өшөө авч хороосон болж таарчээ.
Хуйвалдааны золиос
Амиа алдсан түрүүчийн гэр бүлийхэн одоо ч түүнийг аллага үйлдэх хүн биш гэж баталдаг. Тэд дотнын хүнээ Ватиканы ээлжит нэгэн харгис нууц явууллагын золис болсон гэж үздэг. Нууц явууллагад хурандаа түрүүч нар орооцолдсон агаад харин цаад эзэд нь гурвууланг нь хороогоод аллагыг Седрика үйлдсэн мэтээр зохион байгуулсан гэнэ. Хорооны захирагчийн сумнаас биеэрээ халхалсан Пап лам Иоанн Павел I нь 1978 онд шашны тэргүүгээр заларсаны дараа Ватиканд өөрчлөлт хийнэ гэж зарласан. Харин католиг шашны мяндагтнууд өөрчлөн байгуулалтанд хэзээнээс дургүй байдаг. Пап лам Иоанн Павел I нь сэнтийдээ заларсанаас хойш ердөө 33-хан хоногийн дараа учир битүүлгээр жанч халсан нь швейцарь хорооныхон томчуудын нууц явууллагын золиос болсон гэх сэжгийг баталдаг.
Ад зэтгэрийн хорлол
Аллага гарсанаас хойш 10 сарын дараа Ватиканы дээд шүүхийн тэргүүн кардинал Жанлуижи Мароне ад зэтгэр, чөтгөр шулмын хорлолоос болсон гэж мэдэгдсэн. Амиа алдагсад нь муу ёрын хорлолд автагдаж ухаан санаа нь бүрэн самуурсан байсан тул ийм аймшигт хэрэг гарсан гэнэ. Өдгөө хэрэг гарсанаас хойшхи 20 жилд алуурчин илрээгүй агаад Ватикан нь ад зэтгэрийн хорлол гэдэг тайлбараа одоо ч тавьсаар байдаг.
NUUTS.mn