Нууц мэдээлэл зарсан Английн иргэнд Германы элчин сайд 300 мянган ХУУРАМЧ фунт төлсөн түүхээс ...
Нийтэлсэн: 2018-05-06 12:36:59
1943 оны 10-р сард Туркын Анкара хот дахь Германы ЭСЯ төвдөө нууц мэдээлэл дамжуулжээ. Мэдээлэлд “ГХ-ийн сайдын гарт нь. Маш нууц. Анкара дахь Их Британы элчин сайдын хувийн туслах гэж танилцуулсан хүний өмнөөс зуучлагч нь маш нууц баримтын фото зургийг санал болгож байна. Энэ сарын 30-нд хүлээлгэн өгөх зургууддаа 20 мянган фунт хүсэж байна. Цаашдаа өгөх багц зураг тутамд 15 мянган фунт авах гэнэ. Энэ асуудлаар зааварчлага өгөхийг хүсье” гэжээ. Тухайн үед элчин сайдаар нэрт дипломатч Франц фон Папен ажиллаж байсан.
Түүний тухай товч дурдахад Германы Веймарын БНУ болон 3-р Рейхын улстөрийн нэрт зүтгэлтэн диломатч Франц Йозеф Герман Михаэль Мария фон Папен (Franz Joseph Hermann Michael Maria von Papen) нь удам дамжсан язгууртан гаралтай. 1915 онд АНУ-д цэргийн атташегаар ажиллаж байгаад тагнуулын хэрэгт сэжиглэгдэн хөөгдөж байсан. 1933 онд Хитлерийг канцлярээр томилогдоход дэд сайдаар ажилласан. Дараа нь түүний бодлогийг ил тодоор шүүмжилсэн тул албан тушаалаасаа огцорч 1934-1938 онд Австрид, 1939-1944 онд Туркэд элчин сайдаар цөлөгдсөн. ЭСЯ-наас ирүүлсэн мэдээллийн дагуу ГХ-ийн сайдын зөвлөх Вагнер нь Гестапогийн 6-р газрын дарга Вальтер Шелленбергтэй тусгай уулзалт хийж болсон явдлыг танилцуулжээ. Зөвлөх болон дарга хоёр мэдээлэл нь сонирхолтой байж болох ч үнэ нь хэтэрхий өндөр байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Ингээд нууц төлөвлөгөө боловсруулан уулзалтын дараа төвөөс Турк дэх ЭСЯ-нд “Дээр өгүүлсэн англи хүний саналыг хүлээж ав. Тусгай бараа 10-р сарын 30-ны дотор Анкарад очно” гэсэн цахилгаан мэдээ явуулжээ. Тусгай бараа гэдэг нь төлбөрийн мөнгө байжээ. Төвөөс ирсэн зааварчлагын дагуу англи хүнээс эхний гэрэл зургуудыг хүлээн авч энэ үеэр элчин сайд Папен болон ЭСЯ-д цэргийн атташегийн нэрээр ажиллаж байсан Авберийн төлөөлөгч СС-ын оберштурмбаннфюрер Людвиг Карл Мойзиш нар нь түүнд нууц нэр өгөхөөр шийджээ. Ингээд гэрэл зураг зарсан англи хүнд “Цицерон” гэдэг нууц нэр өгчээ. Тэрээр үнэхээр Туркэд суух Английн элчин сайд сэр Хью Нэтчбулл-Хьюджессений камердинер буюу хувийн туслах, гэрийн үйлчлэгчээр нь ажилладаг нэгэн байжээ. Сэр элчин сайд нь Ойрхи болон Алс Дорнодоор мэргэжсэн том дипломатч гэдгээрээ улсынхаа гадаад харилцааны салбарт алдаршсан байсан. Мэргэжилдээ гайхалтай ч хувийн зохион байгуулалт, сонор сэрэмж муутай нэгэн байсан тул төвөөс ирсэн нууц баримт бичиг нь бараг л ширээн дээр нь ил задгай хэвтэж байдаг аж. Харин үйлчлэгч нь «Лейка» гэдэг зургийн аппаратаар зүгээр л зургийг нь нууцаар авч байжээ. Цицероны германчуудад шилжүүлсэн баримтын зургууд нь маш үнэ цэнэтэй, чухал байснаараа онцлог байв. Түүнээс хамгийн чухал нь холбоотон гурван гүрний удирдагчдын Тегераны уулзалтын ярианы протокол тэр чигээрээ байжээ.
Их Британы ГХ-ийн яамны тусгай төлөөлөгч Иден, Корделл Хэлл нарын Москвад Зөвлөлтийн дээд удирдагчидтай хийсэн нууц уулзалтын ярианы тэмдэглэлийн зургийг ч авсан гэнэ. Мөн Германы холбоотон Унгар, Румын, Болгар зэрэг улсуудын цэрэг аж үйлдвэрийн төвүүдийг бөмбөгдөх хугацаа зэрэг байсан. Үүнээс гадна 1944 онд 2-р фронт нээх «Оверлорд» ажиллагааны тухай мэдээ мэдээлэл багтжээ. Ийнхүү Цицерон 1943 оны 10-р сараас 1944 оны хавар хүртэл германчуудад нууц баримтын гэрэл зургуудыг дамжуулж иржээ. Энэ бүх хугацаанд тэрээр 300 мянган фунтын шагнал авсан нь тагнуулын түүхэн дэх хамгийн өндөр хөлсийн нэгт тооцогддог. Бэлнээр авсан мөнгө нь маш их байсан тул Цицерон ЭСЯ-ны хонгилын гудсан доор нуудаг байсан гэнэ. Гэтэл германчууд асар үнэтэй мэдээлэл авч байсан ч хариуд нь хуурамч мөнгө төлж байсан. Мөн Цицероныг авсан мөнгөө шууд ашиглаж чадахгүй гэж тооцоолсон нь зөвджээ. Энэ бүх хугацаанд тэрээр мөнгөө хуурамч гэдгийг нь мэдэлгүй зүгээр л хадгалж ирсэн. Баригдсан хойно нь Цицерон хэн байсан нь ил болжээ. Тэрээр Эльяс Базна (Iliaz Bazda) гэдэг албани үндэстэн байв.
Туркэд төрсөн тэрээр 1920 оноос гадаадын ЭСЯ, дипломат төлөөлөгчдийн газруудад ажиллаж явсаар 1942 онд Английн элчин сайдын камердинараар ажиллаж болжээ. Эльяс Базна баригдсан ч хэргийг шалгасан тусгай комисс болон шүүх дамжуулсан мэдээлэл нь Англид хүнд хор хохирол учруулаагүй гэж үзсэн. Хэдийгээр мэдээлэл нь ноцтой байсан боловч германчууд тэдгээрээс алиныг нь ч улстөр, гадаад бодлогодоо ашиглаагүй байжээ. 1944 он нээгдсэн «Оверлорд» ажиллагааны тухай мэдээллийг нь бодит бус, магадлал багатай гэж тооцон ач холбогдол өгөөгүй гэдэг. Холбоотнуудыг нь бөмбөгдөх гэж байгааг мэдсэн ч урьдчилан хамгаалах арга хэмжээ авсангүй. Тагнуулынхан германчуудаас авсан хуурамч мөнгийг нь хураасан ч шүүх хурлын дараа буцаан өгчээ. Дайны дараа шоронгоос гарсан Эльяс Базна Туркдээ хуучин машины наймаа эрхэлж бас дууны хичээл заадаг байсан. 1954 онд тэрээр Германд ирж Засгийн газраас нь нацистуудын төлсөн хуурамч мөнгийг сольж өгөхийг шаардан бүр шүүхэд зарга үүсгэсэн. Гэсэн ч шүүх шинэ Засгийн газар нь өмнөх 3-р Рейхын санхүүгийн хариуцлагыг хүлээхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэр гарсаны дараа Германы ГХЯ хуурамч мөнгөөр төлбөрөө авч хохирсон явдалд нь харамсаж байгаагаа илэрхийлсэн захидал ирүүлсэн гэдэг. “Цицерон” Эльяс Базна нь 1970 онд Мюнхэнд нас барсан.
НУУЦ.мн