ГАНТУЛГЫН БАНДААШИНД БАГТСАН “МУУЖГАЙН УЛС ТӨР”
.jpg)
Шадар сайд байхдаа “Монгол ялна” хэмээн нулимс цийлэгнүүлэн байж Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхэд хамт нэг танхимд, бүр нарийн ярьвал намынх дэргэдэх залуучуудын холбоон дээр өөрийнх нь цэрэг байсан хүний өгсөн хоч “Муужгай”. Юутай ч чөмгөө дундартал, цагаан махаа эргэтэл Монголын төлөө зүтгэнэ гэх сүржин даржин мэдэгдэл хийсээр барсын сэнтийд заларсан мань “Муужгай” тамгаа гардаж аваад хагас жил гаран болжээ. Энэ хугацаанд “Хулгай, луйврын 60 тэрбумын бүлэглэлийг таслан зогсооно”, “Би сүүлийн үед ууртай байгаа, улсын өмчөөс хулгай хийсэн хүмүүсийг шоронд хийнэ”, “Иргэд нүүрс түлээд байвал би цэргийн хүний хатуу араншинг гаргана” гэх мэтчилэн “Монгол ялна” стилийн мэдэгдлүүдээ ээлж дарааллан тоть шиг давтаад байсан болохоос монголчуудын амьдралд нэмэр болохуйц шальтай ажил хийж гавьсангүй. Тиймдээ ч ард түмэн түүнийг “Сүр Данзан”, толгойлсон засгийн газрыг нь “мэдэгдлийн засгийн газар” гэж егөөдөн нэрлэх болжээ. Өнөөх Сүр-Данзангийнхаа анхны гадаад дахь айлчлал буюу “Урагш зорчсон тэмдэглэлээс” харахнээ, үзэглэсэн баримт бичгийнх нь талаас илүү нь “ердөө” л санамж бичиг төдийхөн аж. Ойлгомжтойгоор хэлбэл, шальтай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил энэ жилдээ лав алга. Төр ахиад л гавьтай тендер зарлахгүй, компаниуд дахиад л ажилгүй, иргэд аанай л овойж оцоосон орлогогүй өнжих нь. Азаар тэнгэр хангай ивээж, зуншлага сайхан болох шинжтэй...
Хүн төрөлхтний сонин зүй тогтол бий. Эдийн засаг хямрах тусам гэмт хэргийн гаралт ихсдэг. Эсрэгээрээ, эдийн засаг сайжраад, мөнгө төгрөг, тендер будлиан, худалдаа наймаа ихтэй бол хэрүүл тэмцэл, шүүх цагдаа, улс төржилт бага байдаг байх нь. Тийм учраас энэ жилдээ төрийн томчууд маань биесээ гүтгэж, унагаж, хоосон улс төржихөөс өөр хийх ажилгүй сайхан амарцгаах нь ээ. Нэгэнт л улсаараа улс төржиж тоглох гэж байгаагаас хойш би ч гэсэн өөрийн таамгаа дэвшүүлэн цаг нөхцөөсү.
Тагнуулын ерөнхий газрын даргаар өөрийн хүнийг тавьж чадах эсэхээр нь аливаа Ерөнхий сайдыг “бяртай” үгүйг нь дүгнэдэг бөгөөд дээрх томилгоог хийж чадахгүй байгаа ерөнхий сайдыг улс төр судлаачид “шүдгүй арслан” хэмээдэг. Ерөнхий сайд С.Баяр тамгаа авмагцаа Р.Болдыгоо дуудаж тагнуулын байгууллагыг удирдуулж байсан бол, Сү.Батболд Д.Гэрэлийг, Н.Алтанхуяг Б.Ариунсангаа томилж байжээ. Харин У.Хүрэлсүхэд олдсон тагнуулын дарга нь “Сү.Батболдын томилгооны хүн” буюу өдгөө зөнөг нь залгах шахсан тэтгэвэрийн хөгшин Д.Гэрэл. Төрийн алба хаах насны дээд хязгаараас давчихсан, 1952 онд төрсөн, өдгөө 66 настай Д.Гэрэл гээч өвөөг “хүчиндэж” буюу хууль зөрчин байж төрийн тусгай алба хаалгаж байгаагийн цаад шалтгаан нь ердөө л “боломжтой болмогцоо” хэзээ ч хамаагүй солих. Өөрөөр хэлбэл, улс төр судлаачид өнөөдөртөө У.Хүрэлсүхийг “шүдгүй муужгай” л гэхээр байна.
Ганц тагнуулын даргын томилгоо ч биш. Сүр-Данзан маань 60 тэрбумын сүлжээнийхэнийг сүргээр нь солино, холино гээд сенсацилаад байсан чинь таг чиг л болоотохлоо. Дагаад төрийн ажил ч таг гацаастай. Удахгүй солигдох гэж байгаа юм чинь гээд тал нь ажлаа хийдэггүй, “чаддаг юм бол солиорой” гээд нөгөө тал нь төрийн ажил гацаагаастай. Энэ байдал удах тусмаа төр дампуурна, улс төр ширүүснэ. Зохицуулалт хийж чадахгүй бол ардын нам даргаа сольж л таарах байх. Намын дарга гэснээс, МАН-ын Нийслэлийн намын дарга Ц.Сандуй “ноосоо тушаагаад” хагас жил гаран боллоо. Улаанбаатар хотын даргыг солих галын бэлтгэл аль эрт хангагдсан хэдий ч сольж чадахгүй байгаагаас нь харвал, У.Хүрэлсүхэд өөрийнх нь “стильны” жагсагч бацаанууд л хог нэгээрээ байхаас ажил хийж, ачаа даачих хүн олдохгүй байгаа бололтой. Ямар сайндаа л “цайны ганц” Д.Амарбаясгаландаа “2020 онд хотын сонгуулиа удирдаж ор” гэсэн чиглэл өгчээ. Би буруу ойлгоогүй бол, тун удахгүй МАН-ын Генсек нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын засаг дарга, Нийслэлийн МАН-ын дарга болох байлдааны бэлтгэлээ хангаад дуусч байгаа байх.
Гол дүрийн жүжигчин нь үхэж ч өгдөггүй, сэхэж ч өгдөггүй Солонгосын олон ангит кино шиг томчуудын маань улс төр Д.Гантулга гээд залуугийн амьдралаар тоглох шиг болж байна. Одоо хөөрхий, бараг “Бандааш” гэх хочиндоо дасч байгаа байх. Хүүхэн хүчиндсэн ч юм шиг, үгүй ч юм шиг... Албан тушаалаа ашиглан гэмт хэргийнхээ нотлох баримтуудыг устгасан ч юм шиг, үгүй ч юм шиг... Хүчингийн гэх хэргийг Авилгатай тэмцэх газар шалгаад, тэгээд тэр асуудал нь УИХ дээр очоод хуулийн мухардалд орсон гэдгээс нь харвал хэр баргийн солонгос киноноос ч илүү өрнөлтэй!
Б.Хурцын гомдлын дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нарыг дуудаж байцаагаад болоод байгаа хуулийн байгууллага нь турсик, бандаажны асуудал шийдэх болохоороо л хуулийн гацаанд орж, УИХ нь “зөвхөн” Д.Гантулгад зориулж хуульд өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй гэж аргацаатлаа “эргүүтэж” байгаагийн цаад шалтгаан нь өөр газар булаатай байж таарна.
Хэрэвзээ Д.Гантулга гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдвол, УИХ-ын тухай хуулийн 6-р зүйл, Сонгуулийн тухай хуулийн 137-р зүйлээ баримтлан Хэнтий аймгийн 42-р тойрог дээр нөхөн сонгууль явагдаж таарна. Энэ тохиолдолд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас Б.Гарамгайбаатар, МАХН-аас Н.Энхбаяр нар өрсөлдөх байх. Сант марал сангийн сүүлд хийсэн судалгаанаас харахнээ, нөхөн сонгуулиар МАХН-аас Н.Энхбаяр дэвшсэн ч, С.Ганбаатар дэвшсэн ч МАН-ын дарга У.Хүрэлсүх “өөрийнхөө тойрог” дээр үсгүй хусуулах нь. Өөрийн цэрэг Д.Гантулгыгаа гаргаж болоод байсан жижиг тойрог дээрээ өөрөө очиж унана гэдэг бол Ерөнхий сайд, МАН-ын дарга хүний хувьд улс төрийн “амиа хорлолт” мөн. Үүнийгээ ч эрт мэдсэн У.Хүрэлсүх О.Баасанхүүг “баадуудуулж” МАХН-ыг самрах гэсэн боловч тусыг эс олсон бөгөөд МАХН-ыг самарсан ч Н.Энхбаяр гэдэг хүн бие даагаад нэр дэвшчих хуулийн боломж байсныг харж чадаагүйг нь бодохоор гэнэн гэмээр ч юм шиг... Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цаазлах тухай хууль санаачлан “гал өрдөөд” байгаагаас нь харахад, Ерөнхийлөгч Х.Баттулга ч Д.Гантулгыг эгүүлэн татах ёстой гэсэн байр суурин дээр байгаа бололтой. Миёо ноёны хувьд “муужгай” л унаж байвал Хэнтийн тойрог дээр Намбарын хүү нь гарна уу, Самбарын хүү нь гарна уу “один чёрт” учраас Д.Гантулга татагдаж, тойрог дээр нь нөхөн сонгууль болж л таарах байх.
Миний төлөгт хотын даргын хойд дүр Д.Амарбаясгалан гэж бууж байгаатай нэгэн адил дараагийн УИХ-ын дарга нь Ц.Нямдорж, дараагийн Ерөнхий сайд нь Ч.Хүрэлбаатар байх магадлал тун өндөр. Тиймдээ ч Миёо ноён, Топор муужгай хоёр нийлж “МАН-ын тоглоомны нам” буюу АН-ын бүлгээр дамжуулан өнөөх хоёр “Увс” хүнээ хөөлгөж байгаа байх. Энэ улс төрийг хамгийн ихээр баясан хүлээж авч байгаа хүн бол мэдээж ЕТГ-ын дарга З.Энхболд. Амьдайгийнхаа “бяцхан” комплексыг М.Энхболд нь уран аргаар ашиглаад гаршчихсаны бодит жишээ гэвэл 2016 оны сонгуулийн үр дүн. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө М.Энхболд АН-аар мөн ч гоё тоглосон доо... Өөрсдөөр нь хууль батлуулаж, өөрсөөр нь хуулиа солиулаад л, үр дүнд нь МАН 65 гишүүнтэй болж, харин АН нь арай ядан бүлэгтэй хоцорсон. Одоо ч тоглоом нь хэвээрээ бөгөөд Миёо ноёны уур хүрвэл Б.Наранхүүгийнхээ өргөдлийг өгүүлж, Д.Муратын бүрэн эрхийг түтгэлзүүлээд л АН-ын бүлэг “конец”. Энэ удаад сонгуулиар Увсаас хөөгдсөн З.Энхболдын комплекс дээр тоглож, АН-ынхны гараар могой бариулж байгаа бололтой. Үр дүнд нь Увсын хоёр сайд Засгийн газраас хөөгдлөө ч, үлдлээ ч бүх муу нэрийг У.Хүрэлсүх л зүүнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд МАН ялах магадлал улам л багасах нь... “Би зүгээр ч нэг ордны хоёр давхарт зурагаа өлгүүлэхийн тулд Ерөнхий сайд болоогүй” гэж томорч байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх маань зургийг нь өлгөж ч амжихаас өмнө их улс төрөөс бүр мөсөн “арчигдаж” тун магадгүй боллоо.
Жич: Намайг энэ нийтлэлийнхээ гарчигийг орчуул гэвэл “Politics of Pussy in the Gantulga named Bandaaj” гэж л орчуулах байх... Би ямар англи хэл мэдэх биш, тэгээд ч В.Путиныг дууриаж патиар татуулахаас өөр ид шидгүй Ерөнхий сайд сэтэртний нэрийг юу ч гэж орчуулсан яадаг юм?!
