Хүргэгч нулимсан пицца идсэнээ МЭДСЭН эр сарын дотор 6 кг туржээ
Нийтэлсэн: 2018-04-29 02:39:04
Туркын Diken сайтад мэдээлснээр хүргэгч нулимсан пиццаг идсэнээ мэдсэн Эскишехир хотын Хусейн Акйузэр гэдэг эр сэтгэл санаагаар хямарч сарын дотор 82 кг-аас 76 кг болтлоо турж эцсэн гэнэ. Тэрээр ажил дээрээ үдийн хоолонд хотын нэгэн пиццаны газраас пицца тогтмол захиалж иддэг байжээ. Гэтэл нэгэн удаа пицца хүргэж ирсэн Бурак гэдэг хүргэгч ажлын хонгилд пицца руу нь нулимаад оруулж өгчээ. Үүнийг нь офисын жижүүр камераараа харсан боловч тухайн үед гар утас нь нэгжгүй байсан тул Хусейнд утасдаж хэлж чадаагүй байна. Гай болоход дотоод холбоо нь ч эвдэрсэн байсан гэнэ. Ингээд мессэж бичиж илгээжээ. Гэтэл пиццаны азгүй хорхойтон гурван зүсэмийг идсэнийхээ дараа л мессэж ирсэнийг мэдэж уншжээ. Ингээд тэр дороо бөөлжиж бөөн юм олжээ. Сэтгэл санаагаар хямарч өдөржин гүйлгэсэн гэнэ. Ажил дээрээ аль ч газраас хоол захиалж чадахгүй болтлоо айж болгоомжилсоор ердөө сарын дотор зургаан кг-аар турсан хэмээн шүүхэд зарга мэдүүлэхдээ гомдолложээ. Энэ явдлаас хойш тухайн пиццаны газрын захиалга 50 хувиар буурсан гэнэ.
НУУЦ.мн