“Эм Жэй Би Ай” компани ба БГД-ын газрын албаны экс дарга С.Бямбадорж нарын ХЭРГЭЭС ...
Нийтэлсэн: 2018-04-27 06:28:21
.jpg)
2016 оны намар хот дүүргийн газрын албаны дарга нарыг бөөнөөр нь баривчилан шуугиан дэгдээж байсан. Тухайн үед Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Б.Амаржаргал, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны экс дарга С.Бямбадорж, Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга асан Н.Батсүх нарыг холбогдуулан шалгасан. Газрын албаны дарга нарын холбогдсон албан тушаал, авлигалын гэх хэргүүд нь олон үйлдэлтэй, олон оролцогч холбогдогчтой гэдгээрээ том байсан. Н.Батсүх нь дүүргийнхээ 20-р хорооны Их цуурайтын ам гэдэг газарт 60 иргэний нэр дээр хууль бусаар газар эзэмшүүлэх гэрчилгээ бичиж хятад иргэнээс 50 сая, Б.Амаржаргал нь дээрхи гэрчилгээг мэдээллийн санд бүртгүүлж мөн хятад иргэнээс 100 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдсон. Дээрхи хэрэгт зуучлагчаар С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан, Г.Мөнхбаатар нарын иргэд шалгагдсан. Үүнээс Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадоржийг л гэхэд “Хадат Вилла”-гаас гадна Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт таван давхар 250 автомашины гараж барих тендерт ялсан “Эм Жэй Би Ай” компанид Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг зөрчин дүүргийн газрын албанаас оролцох ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, газар чөлөөлөх шаардах хуудас бичиж өгсэн хэрэгт буруутгасан. Тус компани нь хуучин гараажыг өөрсдийн зардлаар чөлөөлж 5 давхар 250 автомашины гараж барих тендерт Монгол-Японы давхар гараажийн “Си Эс Паркинг” төслөөр оролцо ялж холбогдох газраас зөвшөөрлөө авсан байсан. Төслийн нөхцөл ёсоор тендерт ялагч нь тухайн газарт байсан хуучин гараажуудыг өөрсдийн зардлаар чөлөөлж автомашины зогсоол барих ёстой байжээ. Гэтэл уг ажилд Баянгол дүүргийн Газрын алба нь дарга С.Бямбадоржийн шийдвэрээр оролцож, газар чөлөөлөх шаардах хуудсыг гаражуудад наасан нь тогтоогдсон гэнэ. Шаардах хуудасд иргэд өөрсдөө гараашаа нүүлгэхээр тусгасан агаад харин төслийн компани нь энэ зардлаас мултарч гарахаар нөхцөл байдал үүсгэсэн аж. Хуулийнхан экс даргын энэ үйлдлийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл байсан гэж дүгнэсэн. Шаардах хуудас наагдсантай зэрэгцэн газрын албаны даргын төрсөн дүү Мягмарсүрэнгийн эхнэр Дайриймаа нь “Эм Жэй Би Ай” компаний захирал С.Баасанхүүтэй 20 сая төгрөгийн автозогсоол захиалах гэрээ байгуулсан гэнэ. Компаний захирал ч мөн сэжигтнээр татагдсан. Дараагийн удаад БНХАУ-ын иргэн Лин Суйлингийн 150 сая төгрөг болон “Хадат вилла” хотхоныг барьсан "Цоба" компаний захирал Ц.Баасандорж нь 197 саяын үнэтэй В5 тоот амины орон сууцны өмчлөх эрхийг хэрхэн даргын эхнэр Цэцэгбаярын нэр дээр шилжүүлсэн тухай хүргэнэ.
NUUTS.mn
