Багш нар хугацаагүй ажил ХАЯХАА дахин мэдэгдлээ
Нийтэлсэн: 2018-04-25 03:48:58
.jpg)
Багш нарын цалин нэмүүлэх түр хороо"-ноос дахин хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Одоогийн байдлаар 44-р бүрэн дунд сургуулиас эхлэн ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн төдийгүй орон нутгийн багш нар мөн нэгдэхээ мэдэгдсэн аж. Тодруулбал, тавдугаар сарын 1-ний өдөр орон даяар нэгдэн Сүхбаатарын талбай дээр "Боловсролоо аврах аян" хэмээх цуглаан зохион байгуулах юм. Тэрхүү цуглааны дараагаар Аймаг, сум, дүүрэг, хороодын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлах аж.
Өнгөрөгч оны наймдугаар сараас эхлэн 30 гаруй мянган багш нар нэгдэн "Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо" хэмээх хөдөлгөөнийг байгуулан багш нарын цалинг нэмүүлэхээр эрчимтэй тэмцэж эхэлсэн билээ. Энэ цагаас хэд хэдэн хэвлэлийн бага хурал зохион байгуулж төрийн дээд удирдлагуудад шаардлага бичиг хүргүүлсэн боловч тодорхой хариу ирүүлээгүй аж. Тэдний тавьж буй шаардлага нь Нэгдүгээрт, Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх.
Хоёрдугаарт, Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой тогтоох, багшийг төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж цалингийн шатлалыг шинэчлэх
Гуравдугаарт, Боловсролын салбарын чанарыг сайжруулахад төрөөс анхаарч, 2020 он гэхэд багшийн цалинг олон улсын жишгээр 3500 ам.доллартай дүйцэх хэмжээнд хүргэх тухай дурдсан шаардлага тавьсан хэдий ч асуудал шийдэгдээгүй нам жим өнгөрсөн юм. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр МБШУҮЭ-ээс шаардлагын хариуг илгээсэн бөгөөд тус хариундаа "Шаардлага мэдэгдлийн нэгдүгээрт: Манай холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр албан бичиг хүргүүлж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлтээр тохиролцсоны дагуу 2017 онд төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал байдлаар олгуулсан. Үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газраас журам гаргах ёстой байсан ч журам гаргаагүйгээс болж олон маргаантай асуудлууд үүсч байгаа учраас үүнийг шийдвэрлэж өгөхийг Засгийн газарт хүссэн " гэсэн аж. Иймд тэмцлийн эцсийн шат бүхий хугацаагүй ажил хаялт зарлахаа "Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо"-оос албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
НУУЦ.мн
