Английн “HMS Queen Elizabeth” нисэх онгоц тээгчийн ГАЙХАМШГААС ...
Нийтэлсэн: 2018-04-24 16:10:36
Нисэх онгоц тээгч “HMS Queen Elizabeth” нь Эрхэмсэг хатан хааны флотын манлай хөлөг юм. 65 мянган тонн усан түрцтэй, 280 м урт, 25 зангилаа хурдалж чадах энэ хөлөг нь 1600 хүн, 40 хүртэл нисэх онгоц, нисдэг тэргийг багтаах боломжтой агаад 3,1 тэрбум фунт буюу 4,1 тэрбум долларын өртгөөр босжээ. Энэ хөлөг Пормсут дахь тэнгисийн цэргийн баазад байрладаг.
Хөлөгт хүрэхийн тулд хэд хэдэн шалган нэвтрүүлэх цэгийг өнгөрөх ёстой. Хамгийн сүүлийн цэг нь эрэг дээр байрладаг агаад байлдааны сумтай автомат буутай тэнгисийн явган цэргүүд харуулд гардаг.
Тэнгисийн талаас цэргийн цагдаагийн харуулын гурван хөлөг 24 цагаар хамгаалдаг.
Хөлгийн дотогшоо энэхүү шатан гүүрээр ордог. Үүгээр нисэх онгоц, нисдэг тэрэг байрладаг ангарт хүрч болно.
Ангарын дор их бууны сум, пуужин, байлдааны галт хэрэгсэлийн агуулах байрладаг. Хөлөг дээр тавдугаар үеийн сөнөөгч-бөмбөгдөгч “F-35B”-ын бүтэн эскадриль байрладаг агаад цохилтын гол хүч нь юм.
Эскадрилийн үйл ажиллагаа, техник хангамж үйлчилгээг EMF (Embarked Military force) бүлэг хариуцдаг. Хөлгийн байлдааны автоматжуулсан удирдлага нь 460 км-ын зайд газар агаарын 1000 байд нэгэн зэрэг цохилт өгөх үйл ажиллагааг удирдан зохицуулдаг.
Мөн энэ хөлөгт Эрхэмсэг хатан хааны флотын нисэх онгоц тээгч хөлгүүдийн цохилтын шуурхай удирдлагын төв байрладаг. Хөлөг 10 ширхэг “Merlin HM2”, таван “Merlin Crowsnest” нисдэг тэрэг тээдэг.
Нисдэг тэргүүд нь тусгай тавцангаас хөөрдөг.
Хөлгийн ангар нь “CH-47 Chinook” нисдэг тэргүүд сэнсээ буулгахгүйгээр багтахаар том зайтай.
Бүх нисэх онгоц, нисдэг тэргийг тусгай лифтээр нисэх талбай руу буулгадаг. Энэ бүх үйл ажиллагаа бүрэн компьютерчлагдаж техникжсэн тул маш хурдан хугацаанд аюулгүй гүйцэтгэгддэг.
“MS Queen Elizabeth”-ын хөөрөх зурвас нь анх харж байгаа хүнд хөлбөмбөгийн талбайг санагдуулдаг.
Ангарын ган төмрөн хаалга дээр нисэх онгоц тээгчийг үйлдвэрлэхэд оролцсон төр, цэргийнхэн болон мянга гаруй гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаний нэрийг сийлсэн байдаг.
Хөлгийн нийт 1560 бие бүрэлдэхүүний хоолыг 48 тогооч хийдэг. Бие бүрэлдэхүүн өдөрт гурван удаа хооллодог агаад өглөөний цай нь уламжлалт англи маягийх гэнэ. Мөн 45 хоногийн хүнсний нөөц байнга хадгалж шинэчилж байдаг. Үүнд 12 мянган ширхэг аминдэмжүүлсэн ундаа, 60 мянган ширхэг хиам, 50 мянган лааз гахайн давсалсан мах зэрэг орно.
Тус бүр нь найман ортой эмнэлгийн зургаан тасагтай. Шүдний болон мэс заслын иж бүрэн өрөөтэй агаад түүнд нь 11 эмч сувилагч ажилладаг. Хөлгийн нийт 470 өрөөнд 1600 хүнээс гадна 250 тэнгисийн явган цэргийг оруулж болдог.
Хөлгийг шинэ техник технологоор байнга сайжруулж компьютержүүлж автоматжуулж байдаг тул бие бүрэлдэхүүний тоо жилээс жилд цөөрсөөр байгаа гэнэ.
НУУЦ.мн