50 жилийн өмнө оргосон ялтан ХАВДРЫГ нь эмчилбэл шорондоо буцаж орох захидал ирүүлжээ
Нийтэлсэн: 2018-04-17 15:05:05
The Telegraph –д мэдээлснээр арал дээр орших Америкийн алдарт Алькатрас шоронгоос түүхэндээ ганцхан удаа оргосон тохиолдол гарч байсан нь 1962 онд гэнэ. Тухайн үед олон жилийн хорих ялтай байсан ах дүү Кларенс болон Жон Энглин нар нь Фрэнк Моррис гэдэг хоригдлын хамт оргож чадсан.
Гэхдээ Холбооны мөрдөх товчоо болон ХЗЯ оргосон ч тэнгисд живж үхсэн хэмээн албан ёсоор тооцсоор ирсэн. Хамтдаа хоригдож байсан гурав камерийнхаа ханыг цоолон цаана нь байсан хоосон хонгилыг ажлын өрөө болгожээ.
Тэнд шөнө бүр гарын доорхи материалаар хийлдэг завь хийх ажил өрнөж байжээ. Мөн оргоход шаардлагатай бусад зүйлсийг ч хийж дархалж байсан гэнэ. Ингээд 6-р сарын товлосон шөнөө агааржуулалгчийн хоолойгоор дамжин шоронгоос гарч хамгаалалтын хашааг даваад эрэг рүү бууж хийлдэг завиараа арлаас сэлж явсан. Гурван хоригдол оргосон гэдгийг өглөөний тоогоор л мэджээ. Учир нь тэд харгалзагч нарыг хуурахын тулд дэрэн дээрээ хүний хиймэл толгой хийж тавьсан байжээ.
Шөнө дунд камерийг гэрэлтүүлж шалгадаг харгалзагчид үүнд нь хууртсан аж. ХМТ, Маршалын алба цагдаа хамтран өргөн хэмжээний мөрдлөг мөшгөлт явуулсан ч оргодол ялтнуудыг олж чадаагүй. Эцэст нь тэднийг оргох гээд живж үхсэн хэмээн албан ёсоор зарлаж хэн ч хэзээ ч оргож чадаагүй гэх Алькатрас шоронгийн нэр хүндийг авч гарах гэсэн. 1979 онд Холливудын од Клинт Иствуд тоглосон “Алькатрасоос оргосон нь” гэдэг кино дэлгэцэнд гарсан.
Гэхдээ ялтнуудын гэр бүлийнхэн үхсэн гэдгийг няцаах олон баримт гаргаж ирсээр байсан. Ах дүү Энглиний хамаатан нь тэднээс ил захидал байнга авдаг байжээ. Хамаатнуудых нь баталсанаар ах дүү хоёр гуравдахь хоригдлын хамт сэлсээр эсэн мэнд нөгөө эрэгт гарсан гэнэ. Улмаар Мексикийн хилээр нэвтэрч Латин Америкт орогносон агаад баяраар буцах хаяггүй ил захидал илгээмж явуулдаг байжээ. 2012 онд ХМТ орголтоос хойш 50 жилийн дараа оргодолуудын хөгширсөн үеийх нь аман зургийг гаргасан.
Дараа жил нь тус товчоонд Жон Энглинээс захидал ирсэнийг саяхан олон нийтэд дэлгэжээ.
Уг захидалдаа тэрээр тодорхой нөхцөлтөйгээр хуулийнханд бууж өгөх санал тавьсан байжээ.
-Намайг Жон Энглин гэдэг. Би 1962 оны 6-р сард дүү Кларенс болон Фрэнк Моррис нарын хамт Алькатрас шоронгоос оргосон. Одоо би 83 настай, хорт хавдар тусаад бие маань тун муу байна. Тэр үед бид амиа алдах шахсан ч шоронгоос үнэхээр оргож чадсан юм шүү ... Хамт оргосон Фрэнк 2005 онд үхсэн. Түүний булш Александрийд өөр талийгаачийн нэрээр бий. Дүү маань 2011 онд нас барсан. Хэрвээ та нар надад нэг жилийн ял өгч мөн намайг эмчилнэ гэдгээ баталж олон нийтийн хэвлэл мэдээллээр албан ёсоор зарлах юм бол би байгаа газраа та бүхэнд хэльж өгье-
ХМТ энэ захидлын бодит эсэхийг тогтоох гэж таван жил ажиллаад жинхэнэ гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Гэхдээ хорт хавдар туссан оргодолын шаардсан зүйлийг хийгээгүй тул тэрээр ахиж захидал ирүүлээгүй агаад өвчнөөр үхсэн гэсэн таамаг үлджээ.
НУУЦ.мн