Ж.Уясах уяач хязаалангийн АЛДСАН түрүүгээ Л.Эрдэнэбаатараас буцааж авахаар болжээ
Нийтэлсэн: 2018-04-16 06:39:10
Ерөнхий сайд У.Хүрэлсүх шадар сайд байхдаа өнгөрсөн жилийн наадмаар зөвхөн монгол морь уралдуулна хэмээн бөөн бужигнаан дэгдээсэн. Үүнийг нь ашиглаж доод нөхдүүд нь баахан нугалаа явуулсан агаад тэрний учир начир нь одоо л олдож байна. Хязаалан насанд эхний дөрөв хурдалсан Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ж.Уясахын бор /2016 онд шүдлэндээ улсын баяр наадамд түрүүлж байсан/ зэрэг морьдыг үүлдэрхэг байдлаар нь хасаж тавд хурдалсан Дундговь аймгийн Дэрэн сумын Л.Эрдэнэбаатарын хээрийг түрүүлсэнд тооцсон. Ингээд наадмын түрүүгээ булаалгасан уяач шүүхэд хандсан. Болсон явдлын тухайд хасагдсан бор халзан үрээ маань Уясахын унаган адуу гэнэ. Угшлын хувьд Хэнтий аймгийн Баянхутаг гаралтай агаад 2016 оны Үндэсний баяр наадмын шүдлэн насны хурдан морины уралдаанд түрүүлжээ. Өнгөрсөн жилийн наадамд шадар сайдын “буянаар” хязааланд уралдуулахаар бртгүүлсэн 190 адуунаас 150-ыг нь эрлийз хэмээн хассан. Харин бор үрээг уралдахын өмнө үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг эрлийз мөн эсэхийг нь шалгаад монгол морь болохыг нь тогтоон уралдахыг зөвшөөрчээ. Уралдаад түрүүлээд ирсэний дараа гэнэт хасах шийдвэр гаргасан агаад хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн дарга Чой-Иш “..Танай морь монгол адуу мөн. Гэвч уралдаж ирсэний дараа хэмжилт хийхэд стандартаас нэг см өндөр байна” гэжээ. Гэтэл уралдаж ирсэний дараа огт хэмжилт хийгдээгүй гэдгийг бүхий л хугацаанд айрагдсан морины хашаанд эцгийн хамт байснаараа уяач нь баталжээ. Харин зөвхөн шүдэлсэн байна. Хасагдсандаа гомдолтой байсан уяач салбар хорооны шийдвэрийг бичгээр авах, дахин хэмжсэн гэх тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг нь тоож үзсэнгүй. Ингээд хрудан морины салбар хорооны дара Батбилэгтэд морины бай шагналыг олгохгүй байгаа, хассан шийдвэрийг эс зөвшөөрч буйгаа илэрхийлж гомдлоо бичгээр гаргаж өгсөн ч таг болжээ. Маргааш нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, шадар сайд У.Хүрэлсүхэд хандан гомдлоо бичгээр өгсөн ч бас л таг болсон байна. Биечлэн уулзахаар туслах Лүндэгтэй хэд хэдэн удаа холбогдсон боловч хүлээн авсангүй. Ингээд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон тул арга буюу шүүхэд ханджээ. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны “Журам батлах тухай” 05 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-д хурдан морийг уралдаж ирсний дараа дахин хэмжилт хийх, хасах талаар зохицуулаагүй байжээ. Өөрөөр хэлбэл уралдаж ирсэний дараа дахин хэмжилт хийхгүй зөвхөн шүдлэхээр л заасан атал хэмжилт хийсэн хэмээн худалд тайлбарлаж түрүүлж ирсэн морьдыг үндэслэлгүйгээр хасжээ. Шүүх эн алдааг засаж Ж.Уясахын бор халзан хязаалан морийг хассан шийдвэрийг хүчингүй болгож, бай шагналыг олгохыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст даалгасан шийдвэр гаргажээ.
NUUTS.mn