Найз хүүхэн нь тансаглаж буй зургаа ЦАХИМААР цацаад хар тамхины наймаачинг барьж өгчээ
Нийтэлсэн: 2018-04-12 04:34:56
Wales Online-д мэдээлснээр Марк Прайс гэдэг зартай хар тамхины наймаачны араас Английн цагдаа удтал амжилт муутай хөөцөлджээ. Ухаалаг, авхаалжтай наймаачин бохир бизнесээ маш хянуур хийж ул мөрөө маш сайн баллаж иржээ. Гэхдээ түүнийг Эмили Лок гэдэг 19 настай найз бүсгүй нь барьж өгсөн байна. Бүр тодруулбал хар тамхины наймаачин найз залуугийнхаа бохир мөнгөөр аялж зугаалж тансаглаж, үнэтэй бараа худалдан авч буйгаа сайрхсан зургуудаа цахимд цацсаар цагдаагийн хараанд өртжээ.
“Lidl” гэдэг хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж жилд 10 мянган фунтын цалин авдаг ч бүсгүй тансаг амьдрах дуртай, Парис, Дубайгаар аялж, спорт машинаар давхиж брэнд хувцсаар гангарсан зургуудаа цахимд оруулсаар байжээ. Цагдаагийн тооцоолсноор жилд 100 мянган фунтаас доошгүй цалинтай хүн л ингэж тансаглах боломжтой байсан гэнэ. Ингээд худалдагч бүсгүйг нууцаар мөрдсөөр эцэст нь хайж байсан хар тамхины наймаачны халуун мөрөөр орж баривчилжээ. Бүсгүйн оруулсан энэ зургийг Дубайд “Ferrari 458 Spider” гэдэг тансаг машин дотроос авчээ. Ийм ангилалын машины түрээс өдөрт мянган доллар байдаг.
Энэ бол Эмилигийн оруулсан далайн эргийн зочид буудлаас авсан зураг ...
Бүсгүй найз залуугийн хамтаар Парисд аялжээ. Тэрээр “Louis Vuitton” брэндийн цүнх барьсан байна.
Парисаас “Christian Louboutin”-гийн туфль худалдан авчээ.
Мөн “Chanel”-ийн пүүз худалдан авсан зургаа оруулжээ.
Дараа нь “Louis Vuitton” брэндийг бас авчээ.
Гэртээ “Versace”-гийн шаахай угладагаа харуулсан зургаа мөн цахимд оруулж сайрхжээ.
“Christian Dior”-ийн “Oud Ispahan” сүрчиг түрхдэгээ гайхуулжээ.
Хар тамхины наймаачин залуу найз хүүхнээсээ мөнгө харамладаггүй байсан нь ийнхүү өөрт нь гай болжээ. Баригдах үед гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө, 100 гр-аар боосон гялгар ууттай кокаин гарч иржээ.
Мөн гар утаснаас нь хар тамхины наймааны талаар түншүүдтэйгээ харилцсан мессэж гарч ирсэн нь гол нотлох баримтын нэг болсон байна. Марк Прайсын дараа түүний дор ажилладаг хоёр туслахыг нь барьсан байна. Шүүх хар тамхины наймаачинд долоон жилийн хорих ял өгчээ. Мөн хар тамхины наймаагаар олсон мөнгөөр тансагласан найз бүсгүйг нь ичгүүргүй, ёс зүйгүй авирласан, хар тамхины наймааны хэргийг нуун дарагдуулсан хэмээн үзэж 18 сарын хорих ялаар шийтгэжээ.
NUUTS.mn