Туул голын эрэг дагуу барилга байшин барьж буй 28 иргэн,ААН-ийн газар эзэмших эрхийг ЦУЦЛАНА
.jpg)
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.04.10) Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг удирдаж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Солтан, А.Сүхбат, Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ц.Гарамжав, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн ЗДТГ, түүний харьяа газруудын удирдах албан тушаалтнууд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.
Өргөдлийн байнгын хороонд 2016 оноос хойш Туул голын бохирдол, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар иргэдээс 5846 өргөдөл, гомдол ирүүлсний дагуу газар дээр нь танилцаж, дүгнэлт гарган хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн хурлыг гурван удаа, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг хоёр, хэлэлцүүлгийг хоёр удаа тус тус зохион байгуулж, 2016 оны 03 дугаар тогтоолоор 13 заалт бүхий, 2017 оны 02 дугаар тогтоолоор 7 заалт бүхий үүрэг чиглэлийг Засгийн газарт өгч ажилласан талаар УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийн эхэнд танилцуулав.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар Туул голын орчим газрын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын талаар, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун Туул голын эргийн дагуу газар ашиглах зөвшөөрөл олгосон асуудлаар, Нийслэлийн ЗДТГ-ын Байгаль орчны газрын дарга Э.Баттулга Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 7/2657 тоот албан бичгээр өгсөн үүргийн биелэлтийн талаар тус тус мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан өгсөн мэдээлэлдээ, барилгажилт, олборлолт гэдэг хоёр зүйл Туул голын хувь заяанд сөргөөр нөлөөлж байна гээд, Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд үе үеийн нийслэл, дүүргийн удирдлагуудаас нийтдээ 14 мянга гаруй нэгж талбарын зөвшөөрөл олгосон байдаг. Үүнээс онцгой хамгаалалтын бүсэд 894 объект, энгийн хамгаалалтын бүсэд 500 орчим барилгын асуудал байна гэсэн юм. Энэ асуудлыг цэгцэлж шийдвэрлэхээр Өргөдлийн байнын хорооноос удаа дараагийн хэлэлцүүлэг зохион байгуулсаны үр дүнд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу барилга байшин барьж буй 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэрийг БОАЖЯ гаргаад байгааг таницууллаа.
НУУЦ.мн
