Чечень эр 35 жил ууланд бүгж оросуудын эсрэг ГАНЦААРАА 1975 он хүртэл тэмцжээ
Нийтэлсэн: 2018-04-09 16:09:13
Кавказад дарангуй дэглэм. шудрага бус хууль ёсын эсрэг эрслэн боссон хүмүүсийг абрекууд гэдэг. Өнгөрсөн зуунд абрекууд үндсэндээ Орос-Зөвлөлтийн дарлалын эсрэг тэмцэж байв. Чечений хамгийн сүүлчийн абрек Хасуха Магомадов нь 35 жил ууланд бүгж 1975 онд хүртэл Москвагаас тогтоосон дэглэмийн эсрэг тэмцсэн тухай КавказСентер сайтад нийтэлжээ. 1902 онд Шатой гацаанд жирийн малчны гэрт төрсөн тэрээр 35 нас хүртлээ энгийн амьдрлаар амьдарчээ. Угийн ой сайтай сэргэлэн тул багадаа араб хэл бие даан сурч мөн оросоор сайн ярьдаг байв. Тосгонд нь Хаант засгийн оросууд дараа нь Зөвлөлтийн оросууд ирэхэд орчуулагч хийдэг байсан гэнэ. Чухам орчуулагчаар ажиллаж байхдаа л Оросын дарлалын үнэн нүүр царайтай тулж чеченчүүдийг харгислан дарангуйлсан олон бодит жишээг нүдээрээ харжээ.
Арбекийн тэмцлийн эхэнд
1939 онд Хасуха ахуйн маргаанаас болж нэг гацааны хүнээ хөнөөсөн. Хохирогч үхэхээсээ өмнө болсон хэрэг явдалд өөрөө буруутан болохоо хэлж амжсан тул гацааны ахмадуудын шариатын зөвлөл Хасухаг цагаатгаж талийгаачийн гэр бүл ч уучилжээ. Харин хэрэг явдал зөвлөлтүүдийн чихэнд хүрэхэд тэд алуурчин хэмээн баривчилж Грозный хотын шоронд хорьж эрүүдэн шүүжээ. Гэсэн ч Хасуха оргож чадсан байна. Оргосон даруйдаа ууланд гарч Зөвлөлийхний эсрэг тэмцэж байсан босогчидтой нийлжээ. Босогчдын бүлгийг Москвагийн «Крестьянской газеты» сонинд ажиллаж байсан, чечень сэхээтэн Исраилов удирдаж байсан ч ээлжит тулааны үеэр алагджээ. Толгойлогчийнхоо өшөөг авахын тулд босогчид Хасухагийн санаачилгаар отолт хийж Зөвлөлтийн 20 гаруй цэргийг хөнөөжээ. Үүний хариуд Москвагийн тушаалаар Грозный хотоос бүхэл бүтэн хороо хөдөлсөн боловч босогчид мөрдлөг мөшгөлтөөс нь мултарч чадсаар байв. Удалгүй дайн эхэлж 1942 онд германчууд Кавказад нэвтрэхэд цөөнгүй чеченьчүүд нэгдсэн. Харин хоёр жилийн дараа Сталины тушаалаар бүхэл бтэн ард түмнийг урвагчаар зарлаж Сибирь, Дундад Ази руу нутаг заан цөлсөн. Энэ үеэр Хасуха Хайбах гацаанд болсон аймшигт явдлыг нүдээрээ харжээ. Зөвлөлтийн орос цэргүүд гацааны 700 гаруй иргэдийг байшинд нь болон морины жүчээнд тууж оруулаад амьдаар нь шатаасан байна. Энэ мөчөөс эхлэн тэрээр оросуудын эсрэг нэг насаараа тэмцэхээр шийдсэн гэдэг. Хасуха ууланд отолт хийж, шөнөөр гацаа тосгонд нууцаар нэвтэрч Зөвлөлтийн коммунист намын гишүүд, албан тушаалтан, чекистууд сэргийлэхийнхэн болон комсомолын идэвхтэнгүүд, орос үндэстнүүдийг хөнөөх болжээ.
Баригдашгүй өшөө авагч
1957 онд цөлөгдсөн Чечений ард түмэн төрөлх нутагтаа буцаж ирсэн. Энэхүү 13 жилийн турш Хасуха ууланд бүгэн ганцаарчилан тэмцсээр байжээ. Жилдээ 1-2 удаа уулнаас бууж хамаатан садан, нутаг нэгтнүүдээ уулздаг байв. “Дээрэмчин” гэдэг нэр авсан түүнийг барихын тулд Зөвлөлтийн сэргийлэх, дотоодын хамгаалахынхан мөрөөр нь мөшгиж, тосгон бүрт отолт хийж уул болгоныг бүсэлж самнаж нисдэг тэрэг, цэргийн ангийг хүртэл татан оролцуулж байв. Бууж өгөхөөр ятгуулах гэж намын гишүүн чеченьчүүдийг явуулдаг. Хасухатай холбоотой гэж сэжиглэгдсэн бүхнийг баривчилж хорьж цөлдөг. Гэсэн ч уулын эр аюулыг урьчдилан мэдэх тааварлах гайхалтай зөн билэгтэй тул отолт мөрдөлт болгоноос мултарч чадсаар байв. Зөвлөлтийн талд ажилладаг нутаг нэгтнүүддээ захидал илгээж буруу номтнуудын гар хөл болохгүй байхыг урьчилан сануулдаг байсан нь их айдас тарьдаг. Тухайн үеийн Чечений АССР-ын Дотоод явдлын яамны гаргасан тооцоогоор Хасуха нь Зөвлөлт засгийн эсрэг 200 гаруй удаагийн аллага, хорлон сүйтгэх өдөөн хатгах ажиллагаа явуулж өөрийн гараар 30 гаруй нам засгийн албан тушаалтанг хөнөөсөн гэжээ. Олон жил ууланд бүгж хээрээр гэр хийж өлмүүн зэлмүүн явж, мөн нас ахисанаас болж 1960 оны дундаас бие нь ерөнхийдөө муудаж эхэлжээ. Энэ үед нутаг нэгтнүүдийнхээ туслалцаатайгаар өөр нэрээр Грозный хотын эмнэлэгт гурван сар хэвтэж эмчлүүлээд гарсан нь сүүлдээ мэдэгдэж бөөн шуугиан тарьж байсан гэдэг.
КГБ-ын хурандааг хутга шидэж хөнөөсөн нь
1974 онд Хасуха уулнаас бууж Шатойн суурингийн нэгэн айлд хоноглож байжээ. Үүнийг мэдсэн нэгэн урвагч тэр оройдоо Зөвлөлтийнхөнд дуулгаснаар ердөө хоёр цагийн дараа байшинг нь КГБ-ын тусгай бүлэг болон хүч нэмэгдүүлсэн сэргийлэхийн анги бүсэлжээ. Тухайн үед 70 нас хүрсэн өвгөн абрек зөн совингоороо аюулыг мэдэрч явах гэсэн боловч нэгэнт хожимджээ. Зөвлөлтийнхөн ч бууж өгөхийг шаардан тал талаас хашгиралдаж гарчээ. Гэсэн ч Хасуха ухаан сийлж байшингийн зүүн талын цонхоор дэр гаргаж шидсэнд тэр луу нь буудаж бөөн шуугиан дэгдэхэд баруун талын цонхоор нь сэм гаран зугтжээ. Зугтах үедээ ойрын модноос буудаж байгаад хараад дөхөж очин бууны амны галаар баримжаалан чинжаалаа шидэж буудагчийн цээжинд нь зоожээ. Улмаар хутгаа сугалан авч харанхуйгаар далимдуулан ууланд эсэн мэнд гарч чаджээ. Сүүлд тодруулсанаар хутганд оногдож алуулсан орос нь Хасухаг барих ажиллагааг газар дээр нь удирдахаар Москвагаас ирсэн КГБ-ын хурандаа Георгий Кузьмич Салько гэгч байжээ.
Сүүлчийн абрекийн үхэл
Насан өндөр болсон Хасухад ууланд бүгж амьдрах нь улам хэцүү болсоор байв. Ялангуяа их хүйтэрч цас их унасан 1974-75 оны өвөл маш хүнд тусаж амь голтой төдий давжээ. Бие нь улам муудаж, эм тариа, хоол хүнс, дулаан хувцсаар дутагдаж байв. Зөвлөлтийнхий хараа хяналт чангарсан тул нутгийнхан ч уулзахаас зайлсхийдэг болов. Өвлийг арайхийн давсан 71 настай өвгөн хамаатны ахдаа захиа өгүүлж өөрийг нь мусульман хүний ёсоор оршуулж өгөхийг гуйжээ. Уулзах газраа товлож өөрөө булшны нүхээ арай ядан ухаж байхад нь ууланд аялж байсан сургуулийн сурагчид холоос харжээ. Тэд нүх ухаж байгаа зэвсэгтэй хүний тухай сэргийлэгч нарт мэдэгдсэн байна. Удалгүй Зөвлөлтийн сэргийлэгчид болон сайн дурыхан уг газрыг бүсэлжээ. Нүдээр харсан гэрчийн өгүүлсэнээр урт винтов барьсан өвгөн бохирон суугаад залбирч байсан гэдэг. Хасухагийн мэргэн буудалт, хутга шидэлтийн тухай яриа ихэд тарсан тул ойртож очих зоригтон гарсангүй. Мөн амьдаар нь барих санаатай байжээ. Удалгүй өвгөн бүслэгдсэнээ мэдээд буудалцаж гарчээ. Бүр сайн дураараа оролцож байсан комсомолын нэгэн гишүүнийг хөнөөж чадсан гэнэ. Бүрэнхий болох үед Зөвлөлтийнхөн ахыг нь авчирч бууж өгөхөөр ятгуулахаар явуулжээ. Харин ах нь булшны нүхээ ухсан газарт нь ирэхэд сүүлчийн абрек аль хэдийн амьсгал хураасан байв. Орос-Зөвлөлтийн эсрэг 35 жил тэмцсэн тэрээр 71 настайдаа үхэхдээ ердөө 36-хан кг жинтэй болсон байжээ.
Сэргийлэгчид цогцосыг нь нутгийнханд нь өгсөн агаад төрөл төрөгсөд нь ихэд нууцлан оршуулсан тул одоо ч булш нь тогтоогдоогүй байна.
НУУЦ.мн